February 4, 2026
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛД МБҮА ТББ ХАМТРАН ОРОЛЦОХООР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нартай МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд төр болоод төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар 2026.01.21-ны өдөр санал солилцлоо.

Нийслэлийн орон сууцны корпораци нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах, дэд төвүүдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг хөгжүүлэх гээд олон чиг үүргийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслүүдийг хэрэгжүүлэхэд НОСК-ийн зүгээс дэд бүтэц, техникийн зөвшөөрлийг өгөх, архитектур төлөвлөлтийн зургийг батлах, оршин суугчидтай гэрээ хэлцэл хийхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ч иргэдийн үл зөвшилцлөөс шалтгаалж төсөл удаашрах, хугацаа алдах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байгааг дурдаж байлаа.

Харин МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь Ассоциацийн гишүүн байгууллагууд нь консорциум хэлбэрээр нэгдэж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ нэг хоёр байшингаар нь хийж байгааг нэг гудамж, блокоор нь цогц байдлаар төсөл хэрэгжүүлэх нь үр ашигтай талаар саналаа илэрхийллээ. Нэг гудамж, блокоор нь төсөл хэрэгжүүлснээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектур, дизайн, төлөвлөлтийн хувьд хотын стандартад нийцнэ, Нөгөө талаар төслийн үр ашиг, гүйцэтгэлийн хувьд үр дүнтэй, ач холбогдолтой байх юм.

Мөн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мэргэжлийн холбоотой хамтран хот төлөвлөлт, төр хувийн хэвшлийг оролцуулан төслийн загварчлалыг боловсруулах, оновчтой байдлаар шийдэх, харилцан үр ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь чухал болохыг онцоллоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ