2025 оны байдлаар улсын хэмжээнд дахин төлөвлөлтийн 500 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн 80 гаруй хувь нийслэл хотод хэрэгжиж байна. Өнгөрсөн 2014-2025 онд нийт 19000 орчим айлын орон сууцны барилга шинээр баригдсан боловч гэр хороолол улам тэлсээр иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, байгалийн гамшигт өртөх, нийгмийн үйлчилгээ хүртэж чадахгүй байх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлага амьдралд тулгарсаар байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,677,872 хүн амьдарч байгаа ба хот, суурин дахь ашиглалтын шаардлага хангахгүй хуучирсан барилга байгууламжуудыг буулгаж шинээр барих, гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулах хэрэгтэй болоод байгаа юм.
2026.02.26-ны өдөр МБҮА ТББ-ын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гишүүн байгууллагуудын төлөөллүүдэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг ХББОСЯ-ны захиалгаар Хот, Суурин Газрыг Дахин Хөгжүүлэх Тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “ЭМС консалтинг” ХХК-ийн ахлах хуульч С.Энхжаргал, доктор Б.Батчимэг нар танилцуулж, төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд болоод цаашид хэрхэн ажиллах, хуулийн үзэл баримтлалд ямар санал тусгуулах талаар санал солилцлоо.





