Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлан ажиллаж байгаа ба 2026.03.04-ны өдөр УИХ-ын даргын зөвлөх С.Тэнгис тэргүүтэй гишүүд ХБОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Д.Батзориг, Хуулийн хэлтсийн дарга Б.Сүхбат, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, БМҮХ-ны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа нартай барилгын салбарын тусгай зөвшөөрлийн программ хангамж, хууль эрх зүйн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нь:
Тусгай зөвшөөрөл олгоход 14 шат дамжлагаар дамждаг байсныг 7 болгон хөнгөвчилж, зөвшөөрлийг ажлын 1-3 хоногт багтаан олгодог болсон болоод license.mn программ хангамж зөвшөөрөл олголтын явцын талаар мэдээлэл өглөө.
Мөн Зөвшөөрлийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор:
- Тусгай зөвшөөрлийн бүхий л эрх болох инженер техникийн ажилтнуудын шилжилт хөдөлгөөний асуудлыг л нэг байгууллагад өгөх,
- Тусгай зөвшөөрлийг олгоход тэмдэгтийн хураамжийг заалт бүрээр төлж байгаа байдал болон тэмдэгтийн хураамжийг төлөхгүй 3 хонох юм бол хүчингүй болгохоор хуулийн зохицуулалт байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг дурдлаа.
- Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх нь энгийн зөвшөөрлийн төрөлд багтдаг бөгөөд барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад шаардаж буй материал нь төр өөрөө хянаж, шалгадаг мөртлөө дахин зөвшөөрөл олголтын байдлаар өгч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг төр өөртөө байгаа мэдээллийг дахин шаарддаг бус цахим байдлаар түргэн шуурхай шийдвэрлэх бүгдийг тус зөвшөөрлийг Мэдэгдэл хэлбэр рүү шилжүүлэх боломжтойг онцлов.
- Мөн барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж мөн эхлүүлэх зөвшөөрөл авахтайгаа дүйцэхүүц хүндрэлтэй зөвшөөрөл байдаг. Төр барилга барих зөвшөөрлөө өгчихсөн тул дахин зөвшөөрөл авдаг бус үүнийг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэх боломжтой байна гэсэн саналуудыг тавьлаа.
Тавьсан саналыг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин маш зөв зүйтэй санал байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусгах чиглэлээр анхааран ажиллах болно. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг барилгын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаараа хэрэгжүүлж байгаа нь үлгэр жишээ зөв жишиг бөгөөд зөвшөөрөлтэй холбоотой авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгаж, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэн ажиллаж САЙН ЖИШИГ болж буйг онцоллоо.





