February 16, 2026
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ДЭЭР МБҮА ТББ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

✅Нийслэлийн зүгээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан бөгөөд 2026.02.7-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД-тэй уулзаж нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулахаас гадна салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаад байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх, гарц шийдлийг хайх, хамтран ажиллах тал дээр саналаа солилцлоо.

✅Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) ТББ нь барилга, дэд бүтцийн салбарын хөгжлийг тодорхойлоход ихээхэн хувь нэмэр оруулж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийсээр ирсэн бөгөөд томоохон бүтээн байгуулагч 200 гаруй компаниудын эрх ашгийг төлөөлдөг мэргэжлийн төрийн бус байгууллага билээ.

✅Уг арга хэмжээ, уулзалтад МБҮА ТББ нь Удирдах зөвлөлийн гишүүд болоод гишүүн байгууллагуудтайгаа нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх, барилгын зах зээлийн багтаамжийг тэлэх чиглэлээр дараах саналуудыг гаргаж албан бичгийн хамт гардуулан өглөө.

📌Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз батлах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл явцыг бүрэн цахимжуулах замаар хүний оролцоог арилгаж, шийдвэр гаргалтыг хурдтай, ил тод болгох – учир нь холбогдох ажлын албадын үйл ажиллагаанд хүнд суртал, техникийн болон хүнээс хамаарсан саатал их байна;

📌Худалдан авах ажиллагаа буюу тендэр зарлах, үнэлэх, хэрэгжүүлэх, хүлээн авах процесс дахь төвлөрлийг арилгах – эдгээр бүх процессыг хот өөрөө төвлөрүүлэн хэрэгжүүлдэг бус сонгон шалгаруулалт, захиалагчын хяналтын үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод байгууллагуудыг оролцуулах;

📌Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг дахин төлөвлөх ажлыг хувийн хэвшил болон мэргэжлийн ТББ-ууд хариуцан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийг ган нэг барилгаар бус орон сууцны хотхон хорооллоор нь дахин төлөвлөх төслийг хэрэгжүүлж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны архитектур дизайн-стандартыг алдагдуулахгүй байх өмнөх алдааг давтахгүй байх;

📌Гадаадын зээл, тусламж болон бондын хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдэд дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой шалгуураар хангуулж, дэмжих бодлого баримтлах;

📌Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд газар доорх барилга байгууламжуудыг хөгжүүлэх тусгай төсөл хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцлийг нэмэгдүүлж, хотын түгжрэл, ачаалал, төвлөрлийг бууруулах – МБҮА ТББ хамтран ажиллахад бэлэн байна;

📌Улаанбаатар хотын суурьшлын томоохон хэсэг болоод буй Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын барилгажилтын асуудлыг шийдэрлэж, бодлогоо тодорхойлох;

📌Барилгын инженерийн техникийн нөхцлийг улирал харгалзахгүй (бүтэн жилийн турш) олгодог тогтолцоонд шилжих, техникийн нөхцөл олголтыг цахимжуулах замаар аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөвлөлт үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах замаар бүтээн байгуулалтын хурдыг нэмэгдүүлэх;

📌Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал үүсээд буй өнөөгийн нөхцөлд Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт (А даалгавар) сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах техникийн нөхцөлийг тусгах, үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж ашиг олох тогтолцоо бүрдүүлэх замаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх;

📌Барилга бүтээн байгуулалтад ашигладаг том оврын автомашин, механизмыг 22 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулахаар заасан байдаг бөгөөд энэ нь хүн амын суурьшлын бүсэд 22 цагаас хойш чанга дуу чимээ гаргахыг хориглодог заалттай зөрчилдөж байгааг эргэн харж оновчтой болгох – учир нь үүнээс үүдэн оршин суугчид, барилгын байгууллагын хооронд зөрчил үүсч, барилгын ажил саатах, гацаах, удаашрах, үргэлжлэх хугацаа уртсах, ханган нийлүүлэгч байгууллагуудыг алдагдалтай ажиллах /байнга торгуулах/ нөхцөл үүсгэдгийг шийдвэрлэх шаардлагатай зэрэг олон асуудлын хүрээнд саналаа хүргүүллээ.

✅Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь Монголын Барилгын Үндэсний Ассоцаци ТББ-ын гишүүн компаниудтай хамтран ажиллах, ялангуяа дахин төлөвлөлтийн төсөлд нарийвчлан ярилцаж ойлголцолд хүрэх талаар уламжиллаа.

✅Дулаан, цахилгаан, усны асуудал дээр үүсэж буй дэд бүтцийн техникийн нөхцөлүүдийг хэрхэн оновчтойгоор шийдвэрлэх боломж байгааг судалж, салбарт тулгамдаад байгаа гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн хууль эрх зүйд нийцсэн байдлаар шийдэх, барилгын норм, дүрэм, журмыг хөнгөвчлөх саналыг гаргасан болон барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ