МБҮА ТББ нь 2025.04.30-ны өдөр төрийн яамд болон барилгын салбарын төрийн бус байгууллагууд, компаниудын 200 гаруй төлөөллийг оролцуулсан “CONSTRUCTION MARKET 2025” форумыг амжилттай зохион байгуулж, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж салбарын мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлсэн билээ.
Уг арга хэмжээний үеэр олон улсын геополитик, худалдааны дайн нь хөрш орны болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдалд муугаар нөлөөлж байгаа энэ үед дотоодын барилгын салбарын ААН, компаниудыг дэмжих бодлого нэн шаардлагатай байгаа болон 2025-2028 онд нийслэлд хэрэгжих Сэлбэ дэд төв, Туул хурдны зам зэрэг барилга бүтээн байгуулалтын төслүүдэд дотоодын барилгын компаниуд ерөнхий гүйцэтгэгчээр оролцох боломжийг бүрдүүлж, тухайн ажлыг хэсэгчлэн хуваан сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг шинэчлэх талаар зөвлөмж гаргаснаа Нийслэлийн удирдлагууд болоод холбогдох яаманд албан бичиг хүргүүлсэн юм.
Уг асуудлын хүрээнд 2025.05.12-ны өдөр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болоод бусад барилгын компанийн захирлууд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болоод Төслийн Нэгдсэн удирдлагын нэгжийн удирдлагуудтай санал солилцлоо.
Учир нь МБҮА ТББ нь барилгын Гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид, зураг төсөл зохиогчид гээд Монгол Улсын барилга үл хөдлөхийн салбарын 250 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын нэгдэл бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд барилга орон сууц, үл хөдлөхийн томоохон төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэж ирсэн төдийгүй Улаанбаатар хотоос зарлан хэрэгжүүлэх гэж буй барилга орон сууцны төслүүдийг дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүчээр гүйцэтгэх хүн хүч, технологи, төслийн удирдлагын бүрэн чадамжтай гэдгээ илэрхийлээ.
Харин Нийслэлийн удирдлагуудын зүгээс Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болоод цаашид аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, багц хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа. Мөн дараагийн багц төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн өөрчлөлт, төрийн зүгээс барьж буй бодлого, инженерийн мэргэжлийг сурталчлах, Фидик-ийн гэрээн дээр хамтран ажиллах зэргээр шат дараалсан уулзалтуудыг хийх, “Ажлын хэсэг” байгуулах замаар хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.





