Монголын барилгын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь үндэсний барилгын компаниудын нэгдэл болохын хувьд нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар зөвлөл байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд МБҮА ТББ-ын Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар, Ажлын албаны төлөөлөл орон нутгуудад ажиллалаа.
2025.05.02-ны өдөр Ховд аймагт 18 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож үүсгэн байгуулах хурлаа хийж үүсгэн байгуулагчаар 7 хүнийг сонгож Салбарын Тэргүүнээр Б. Туулайтулга сонгогдлоо.
2025.05.03-ны өдөр Баян-Өлгий аймагт 14 барилгын компаниудын төлөөлөлтэй хуралдаж тус аймаг дахь Салбар зөвлөлийн Тэргүүнээр Г. Жанисбекийг сонголоо.
2025.05.04-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллаж тус аймагт салбар зөвлөл байгуулах хуралд 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож тэргүүнээр Г.Дэлгэрбаярыг 100 хувийн саналаар тус тус сонголоо.
Өнгөрсөн хугацаанд МБҮА ТББ нь хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу өөрийн гишүүд, салбарын ТББ-ууд болон Төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын эдийн засагт тохиолдсон удаа дараагийн хямрал, хүндрэлүүдийг даван туулахад салбарын дуу хоолой болон манлайлан ажиллаж Төр засгаар тодорхой шийдвэрүүд гаргуулж, үр дүнд нь зөвхөн гишүүдэд төдийгүй энэ салбарт ажиллаж буй нийт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөллүүд бий болгож ирсэн билээ.
Мөн барилгын бизнесийн орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах ажлыг манлайлан ажилласны үр дүнд энэ ажлыг өнөөдрийн байдлаар уг үйл ажиллагаа бүрэн цахимжиж, тусгай зөвшөөрлийн журмыг хялбаршуулан ажлын 5-7 хоногт зөвшөөрлөө авдаг болоод байна.





