Өндрийн ажил мэргэжлийн холбоо ТББ-аас гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “MONGOLIAN SCAFFOLDERS CHAMPIONSHIP 2025” ур чадварын тэмцээн 2025.05.03,04-ны өдрүүдэд Оюу Толгой төслийн талбайд зохион байгуулагдлаа.
Монголын үндэсний баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээн нь барилгын түр шат тавцангийн угсралтын чиглэлээр мэргэшсэн өндөр эрсдэлтэй мэргэжлийн ажилчдын дунд зохион байгуулагдаж буй улсын хэмжээний шалгаруулалт бөгөөд тэргүүлэгчид нь олон улсын тавцанд эх орноо төлөөлөн оролцох юм.
Тус арга хэмжээ нь ур чадварыг сорихоос гадна барилгын гадна шат угсралтын салбарын мэргэжлийн төвшинг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн стандарт, хариуцлага, аюулгүй ажиллагааг төлөвшүүлэх, цаашлаад уг чиглэлд тусгай зөвшөөрөл, норм стандарт бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Шатны угсралтыг яагаад тусгай зөвшөөрөлтэй болгох шаардлагатай вэ?
Өнөөдөр барилгын салбарт аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн хамгаалал маш өндөр шаардлагатай салбар болон хөгжиж байна. Ялангуяа барилгын түр шат, тавцангийн угсралт нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай, өндөр эрсдэлтэй мэргэжлийн ажил бөгөөд шат угсралтын ажлыг мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлэх нь хүний амь нас, байгууллагын нэр хүнд, хариуцлагыг хамгаалах чухал алхам гэдгийг онцолж энэ талаар холбогдох төр болоод төрийн бус байгууллагуудад уламжилсан юм.
МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч, НБИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баяраагаар ахлуулсан баг 2023, 2024 оны дэлхийн шат угсралтын тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай бөгөөд МБҮА ТББ-ын зүгээс дэмжлэг үзүүлж оролцлоо.





