Нийслэлийн Улаанбаатар хотын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.4-т “Хүннү’ хотыг Нийслэлийн хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагууд хот болгон хөгжүүлнэ гэж батлагдсантай холбогдуулан “ХҮННҮ ХОТЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ” хэлэлцүүлгийг 2025.05.01-ны өдөр Хангарди хотхонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Хөшгийн хөндийн чөлөөт бүс”-ийн Захирагч Б.Саранчимэг, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Монголын Ложистикийн холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболд нар болоод бусад албаныхан барилгын салбарынханд Хүннү хотын тээвэр логистик, Улаанбаатар 2040 хөгжлийн төлөвлөгөө, төр хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчны талаарх мэдээ мэдээллийг өглөө.
Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Д.Энхтөр, Гүйцэтгэх захирал Г.Батсүх тэргүүтэй удирдлагын багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Хүннү хотын бүтээн байгуулалтад барилгын компаниудын оролцоог хангах, чанартай барилгын материалыг үнийн хөөрөгдөлгүй тасалдалгүй нийлүүлэхэд анхаарч ажиллах талаар саналаа хүргэлээ.





