March 20, 2025
МБҮА ТББ нь “Өглөөний ажил хэрэгч бизнесийн уулзалт” зохион байгууллаа

МБҮА ТББ-аас өнөөдөр (2025.03.20) гишүүн байгууллагууд болон Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн дулаалгын зөвлөхүүдийнхээ дунд “Өглөөний ажил хэрэгч бизнесийн уулзалт” зохион байгууллаа. Барилгын салбарын бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг олгосон энэхүү уулзалтыг МБҮА ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх өглөөний эрч хүчтэй үгээр эхлүүлсэн.

40 гаруй хүн оролцсон энэхүү уулзалтын зочид болох “Гурван бухат групп” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганчимэг, “Добу технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар нар бизнес эрхлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалт босгохоос эхлээд гүйцэтгэлдээ анхаарах, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртөө мэдээллийн технологийн оновчтой шийдлүүд нэвтрүүлэх нь зүйтэй талаар хэлж байв.

“Аливаа асуудал тулгарлаа гэхэд түүнийг бэрхшээл гэж харалгүй, гарц хайдаг. Хэлсэндээ хүрдэг байх нь хамгийн чухал” гэдгийг Т.Ганчимэг онцолж байсан бол “Сүүлийн үеийн технологийн чиг хандлага нь эрүүл амьдралын хэв маягт чиглэж байгаа” талаар Д.Тулгабаатар оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар “Бульдорс Мон ХХК”, “Ультрасоник” ХХК, “Динамик тауэр” ХХК өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлог, давуу талыг танилцуулав.

Бульдорс Мон ХХК: ОХУ ГОСТ болон Европын EN стандартад нийцсэн хаалгануудыг өрсөлдөхүйц үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлөөр санал болгож, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Ультрасоник ХХК: Ногоон технологийг нэвтрүүлэгч бөгөөд ХБНГУ-ын Ландис+Гир фирмийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж, орчин үеийн дулааны эрчим хүчний тоолуур оруулж ирж байна.

Динамик тауэр ХХК: “Дэлхийн тэргүүлэгч технологийг Монголд” гэсэн концепциор зураг төсөл, төмөр хоолойн үйлдвэрлэл, галын утаанаас хамгаалах систем, халаалт, агаар сэлгэлт ба хөргөлтийн системийг нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын төгсгөлд, МБҮА ТББ нь 2025 онд гишүүддээ зориулан, олон улсад зохион байгуулагдах барилгын салбарын шинэ техник, технологитой танилцах аялал, хүний нөөцийг чадавхжуулах сургалтууд, салбарын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг тодорхой хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах бөгөөд 21 аймагт Ассоциацийн салбар зөвлөлийг байгуулж эхэлснээ Гишүүнчлэл хариуцсан менежер Х.Намуун танилцуулсан юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ