Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу өөрийн гишүүд, салбарын ТББ-ууд болон Төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын эдийн засагт тохиолдсон удаа дараагийн хямрал, хүндрэлүүдийг даван туулахад салбарын дуу хоолой болон манлайлан ажиллаж Төр засгаар тодорхой шийдвэрүүд гаргуулж, үр дүнд нь зөвхөн гишүүдэд төдийгүй энэ салбарт ажиллаж буй нийт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөллүүд бий болгож иржээ.
Барилгын бизнесийн орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах ажлыг манлайлан ажилласны үр дүнд энэ ажлыг ТББ уудаар гүйцэтгүүлэх шийдвэрийг Төр засгаар гаргуулан, 7 дахь жилдээ салбарын 6 холбоодтой хамтран амжилттай гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар уг үйл ажиллагаа бүрэн цахимжиж, тусгай зөвшөөрлийн журмыг хялбаршуулан ажлын 5-7 хоногт зөвшөөрлөө авдаг болсон байна.
Мөн бид гадаад харилцаагаа тогтмол өргөжүүлэн ажилласны үр дүнд Int’l Federation of Asian and Western Pacific Contractors’ Associations Ази болон Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо, FIDIC -ийн Түншлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Үүний үр дүнд бид саяхан Барилга Дэд Бүтцийн Олон Улсын Арбитрын эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Мөн бид Франц Улсын Жэрэс Монгол ОУТББ хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлуудын дулаан алдагдлыг бууруулахад мэргэшсэн технологийн сургалтаар дамжуулан бригадуудаар дулаалга хийлгүүлэх сургалт, дадлагад чадавхжуулах, нийслэлийн төлөвлөлтгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг барихад зөвлөгөөг өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж байна.
Монголын барилгын салбарын хөгжилд зөв манлайлал үзүүлж ажиллана гэсэн уриатай ТББ -ын хувьд бид цаашдын үйл ажиллагаандаа дараах хэдэн чиглэлийн хамтын ажиллагааг онцгойлж байна. Дулаан шийдэл төсөл
Монголын барилгын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь үндэсний барилгын компаниудын нэгдэл болохын хувьд нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар зөвлөл байгуулах ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд 21 аймагт салбар зөвлөлийг байгуулж, орон нутгийн барилгын компаниуд, мэргэжилтнүүдийг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Салбар зөвлөлүүд нь тухайн аймаг, орон нутгийн барилгын компаниудын эрх ашгийг хамгаалах, барилгын салбарын хөгжлийг дэмжих, шинэ технологи, стандартыг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь салбар, зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, салбарын хөгжлийг дэмжихэд дараах ажлуудыг төлөвлөж байна:
Сургалт, зөвлөгөөн: Барилгын салбарын хууль, эрхзүй, стандартын талаарх мэдээллийг түгээх, орон нутгийн мэргэжилтнүүдийг сургах
Туршлага солилцоо: Барилгын салбарын шилдэг компаниуд, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулах
Төслүүд, хөрөнгө оруулалт: Орон нутгийн барилгын салбарт хэрэгжих төслүүдийг дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах
Шударга өрсөлдөөн, стандартын хяналт: Барилгын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, стандартын хэрэгжилтийг сайжруулах
Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд МБҮА ТББ нь орон нутгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь орон нутагт салбар зөвлөлийг байгуулах үйл ажиллагаанд орон нутгийн барилгын компаниуд, инженер, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг урьж байна.
Холбоо барих:
Утас: 7011 1515
Имэйл: [email protected]
Вэбсайт: www.mnca.mn





