February 13, 2023
МБҮА ТББ НЬ АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХУРАЛДААНЫГ МОНГОЛ УЛСАД ЧУУЛАХ АСУУДЛЫГ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

МБҮА ТББ-ын 2023 оны Удирдах зөвлөлийн Анхдугаар ээлжит хурал нь 2023.02.10-ны өдөр “Холидэй Инн” зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:

✅ ТББ-ын Ажлын албаны 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн товч тайлангийн гүйцэтгэл,

✅ МБҮА ТББ-ын 2023 оны үйл ажиллагааны товч төлөвлөгөө

✅ МБҮА ТББ-ын 2023 оны санхүүгийн товч төсөв

✅ МБҮА ТББ-ын ДҮРЭМ болон Ажлын албаны бүтцийг шинэчлэх “Ажлын хэсэг”-ийг байгуулах

✅ МБҮА ТББ-ын 2022 оны Хяналтын зөвлөлийн тайлан, дүгнэлт

✅ МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийн үйл ажиллагааны товч тайлан, дүгнэлт

✅ Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ИЙН 2023 оны Дунд хугацааны хуралдааныг Монгол Улсад 2023.06.15-17—ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэлийг хангах, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зэрэг байв.

МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн энэ удаагийн хурлаас дараах саналууд гарч, гарсан саналуудыг 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Тухайлбал:

✅ МБҮА нь салбарын хууль эрх зүй болон бодлогод нөлөөлөх үүднээс одоо байгаагаас илүү мэргэжлийн чиг баримжаатай болох,

✅ Норм нормчлолын дүрмийг сайжруулах хүрээнд жилд мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөнийг зохион байгуулж байх ,

✅ Цаг үе, нийгмээ дагсан хурлуудыг онлайнаар явуулж байх,

✅ Барилгын салбарын хамгийн том ТББ-ын хувьд өөрсдийн хөрөнгө оруулалтаар бодит төслийг хэрэгжүүлж, үүнийгээ сурталчлах,

✅ Хяналтын зөвлөлийн тайлангийн дараа нь дараа жилийнхээ төлөвлөлтийг ярьж байх,

✅ Аливаа төсөл хөтөлбөрийг шинжлэх ухаанч, арга зүй дээр үндэслэх хийх,

✅ Удирдах зөвлөлийн гишүүд нь ёс зүйтэй бие биеэ хүндэтгэсэн, бусдыгаа уриалан манлайлсан, зарлаж буй хуралдаа цагтаа хүрэлцэн ирж байх зэрэг байсан бөгөөд 2022 оныхоо алдаа оноог ярилцаж, 2023 ондоо ямар ажлууд дээр илүү төвлөрч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

 

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь:

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим систем www.license.mcis.gov.mn-ээр дамжуулан барилгын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна. БҮАТЗ-ийг олгох цахим системийг төрийн мэдээлэл солилцооны системүүдтэй холбож бүрэн цахимжуулснаар энэхүү үйл ажиллагаа нь түргэн шуурхай, хүний оролцоо багассан, ил тод болсон. МБҮА ТББ нь төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажлын хүрээнд барилгын тусгай зөвшөөрлийг олгох зохион байгуулалтыг хийхдээ салбарын ТББ-уудын түншлэлийг байгуулж, БХБЯ-тай гэрээний үндсэн дээр нягт хамтран ажиллаж байна.

Сангийн яам болон түншлэгч байгууллагуудтай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд энэ хуулийн төслийн “Ажлын хэсэг”-т манай Ассоциацийн төлөөлөл буюу УЗГ М.Батболд захирал албан ёсоор орж ажилласан.

“Дулаан шийдэл” төслийн хүрээнд бригадуудыг чадавхжуулснаар гэр хорооллын айлуудын дулаан алдагдлын хэмжилтийг хийж, дулаалгын ажлуудыг хийн гүйцэтгэж байна. Ассоциаци нь “Дулаан шийдэл” төслийн 2 дах үе шатыг үргэлжлүүлэн 2022-2026 онуудад 1 тэрбум орчим ₮-ийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэн хэрэгжүүлэх боломжтой болсон.

Ногоон барилгын үнэлгээний систем “EDGE”-г Монгол Улсад нэвтрүүлэх хамтарсан санаачилгыг БХБЯ болон Дэлхийн банкны группийн гишүүн болох Олон улсын санхүүгийн корпорац (IFC) гаргасан бөгөөд уг санаачилгыг БХБЯ-ны дэмжлэгийг авсны үндсэн дээр Ассоциаци нь IFC-тэй хамтран ногоон барилгын “EDGE” системийн мэдлэгийг олгох, нутагшуулах зорилготой Монгол Улс дахь албан ёсны түншлэгч байгууллага болох хамтын ажиллагааг эхлүүлж, энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ногоон орон сууц төсөл, Олон улсын санхүүгийн корпорац (IFC) зэрэг байгууллагуудтай хамтран “Ногоон барилгын үнэлгээний системүүд” сэдэвт семинарыг салбарынхаа 200-аад төлөөллийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ. 

“Ногоон барилгын зөвлөл”-ийн чиг үүргийг гүйцэтгэх төрийн бус байгууллага  байгуулахад нь бид идэвхтэй оролцож, УЗ-ийн бүрэлдэхүүнд нь манай Ассоциаци сонгогдон батлагдаж, ногоон хот байгуулалт, ногоон барилгын чиглэлээр үйл ажиллагаа, оролцоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Гэсэн хэдий ч барилгын компаниуд маань салбарын хөгжлийн асуудлууд болон хот төлөвлөлтийн салбар руу илүү анхаарч, Хот суурин газрын болон дагуул хотуудын бүтээн байгуулалт, Дэд бүтцийн бүтээн байгуулалт, Гэр хорооллын дахин төлөвлөлт, зохион байгуулалтын хүрээнд төр, засаг, орон нутгийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа тул энэ чиглэлээр хийгдэх ажлыг өөрийн байгууллагын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний тодотголд түлхүү тусгаж, Бодлогын судалгааны төв болох “Think Tank” байгууллагын судалгаа шинжилгээнд суурилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Дэлхий даяар Ковид-19-ийн нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, геополитикийн зөрчилдөөн, БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэг Ковид”-ын бодлогын нөлөөнөөс хамаарсан хүндрэлүүд нь Монгол Улсад ч шууд нөлөөлж, хүндрэл бэрхшээлийг үүсгэж байгаа бөгөөд ялангуяа, бүтээн байгуулалтын салбар болох барилгын салбарынханд маш хүндээр тусаж байна. Энэхүү хямралыг барилгын компаниуд нь хэрхэн бага хохиролтойгоор даван туулах, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, Нийслэлийн болон дагуул хот, 21 аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих, бүтээн байгуулалтын салбарын төслийн удирдлагын хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, Олон улсын стандартыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэн хэвшүүлэх зорилгоор бид өөрийн байгууллагын нийт гишүүн барилгын компаниудын захирал, удирдлагуудыг оролцуулсан “Бүтээн байгуулалтын салбарын төслийн удирдлагын форум”-ыг амжилттайгаар зохион байгууллаа.

Түүнчлэн, цар тахлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжуудад үүсээд байгаа хүндрэл, бэрхшээл, гаргалгаа шийдлийн талаар УРИАЛГА-ыг гаргаж, албан хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэн ажилласан бөгөөд энэ асуудал нь 2023 оны улсын төсөвт нэмэлт санхүүжилтээр дэмжигдэн шийдвэрлэгдсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшгийн хөндийд “Шинэ Зуун мод” хотын төлөвлөлтийг хийж бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний хороо нь 2022.12.19-ний өдөр уг “Ажлын хэсэг”-т орон ажиллаж буй төр-хувийн хэвшлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Миний бие нь уг төслийн “Ажлын хэсэг”-т 2022.01.28-ны өдөр орж ажилласнаас хойш нийтдээ 8 удаагийн уулзалт арга хэмжээнд оролцож, нийслэлийн төвлөрлийг сааруулах үүднээс Хөшгийн хөндийд Засгийн газрын байгууллагуудыг хэсэгчлэн нүүлгэх нь оновчтой шийдэл гэдгийг байнга илэрхийлж байсны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас 2022.08.10-ны өдрийн хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа.

Мөн өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд Засгийн газрын шийдвэрийг дэмжин төр засгийн байгууллагуудыг хэрхэн нүүлгэх, бүтээн байгуулалтад хувийн хэвшлүүд, тэр дундаа МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд нь яаж оролцох талаарх төслийн загварчлалыг гарган хамтран ажиллахаа дахин илэрхийлээд байна. 

БНСУ-ын Орон сууцны барилгачдын ассоциацийн Ерөнхийлөгч Пак Ги Вон болон тус ассоциацийн гишүүд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөгчид болон БНСУ-ын хот, мужуудын ИТХ-ын Дарга нарын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, БНСУ-д хэрэгжүүлсэн тэргүүн туршлагыг нь Монгол Улсад нэвтрүүлэх, Монгол Улсын барилгын зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлж хамтын ажиллагааг өрнүүлэх, “Улаанбаатар уулзалт-2022”-ыг өргөжүүлэн “Сөүлийн уулзалт”-ыг зохион байгуулан хэвшүүлэх тал дээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.

 

МБҮА ТББ-ын Ажлын алба нь ХБНГУ-ын Баваари мужийн “Би Би Ви интернэйшнл” байгууллагаас зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийг хамгаалах ба эрчим хүчний дамжуулалт, тогтвортой барилга байгууламж” болон “Барилгын эрчим хүчний хэмнэлт” сэдэвтэй техникийн семинаруудад МБҮА ТББ-ын нийт 18 гишүүн байгууллагын удирдлагууд, инженерүүдийг хамруулж, шинэ техник технологитой танилцуулсан чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний үр дүнд 2023 онд тус байгууллагатай сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслийг (Pilot project) Монгол Улсад хэрэгжүүлэх төслийг хамтран боловсруулахаар тохирлоо.

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь удаагийн Чуулган нь Мальдив Улсын нийслэл Мале хотноо болж, хуралдааны үеэр IFAWPCA-ийн 2022-2024 оны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход Монгол Улсыг төлөөлж МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч миний бие нь албан ёсоор сонгогдож, тангаргаа өргөлөө.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй  ажилд сонгогдсон миний хувьд анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн байнга хамтран ажиллаж байгууллагынхаа алдаа, оноо, амжилт бүтээл, түүхэн замналыг сайн мэдэхийн хувьд ахиц дэвшлийг гаргах, Монгол Улсын барилгын салбарт төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам сайжруулах, хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, ногоон барилгын хөгжлийн асуудлыг төрийн бодлогод түлхүү тусгуулах, нийт гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, гишүүдийн эв нэгдэл, нэгдсэн чиг хандлагыг эрхэмлэж гишүүдийн чадавхыг сайжруулах, аливаа хийгдэх ажлыг төсөлжүүлж, шинжлэх ухааны онол арга зүйн дагуу төслийн удирдлагын зарчмаар ажиллах, шинэ соёл, хандлагыг бий болгоход анхаарлаа хандуулахаас гадна цаашид энэ зарчмыг баримтлан ажиллах болно.

МБҮА ТББ нь Монголын барилгын үндэсний хамгийн том бүтээн байгуулагч компаниудын нэгдэл учир энэ бэлгэдлийг агуулсан шинэ логог бий болгож, шинэ имиж,өнгө төрх, соёлыг бий болгохоор хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ