Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилын сан хооронд 2023.03.31-ний өдөр барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн баримт бичигт болон худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын (тендерийн) шаардлагад нийгэм, жендэрийн талаарх шалгуур үзүүлэлтийг тусган хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, харилцан мэдлэг, туршлага солилцох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.
Уг санамж бичигт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар гарын үсэг зурж, Монголын МСС-ын Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг, БХБЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч А.Лхамсэржид, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Б.Болор, Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа нар барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх сайн туршлагыг танилцуулж, мэдээллээ хуваалцлаа.
Тус арга хэмжээний үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь “Барилгын салбар дахь жендерийн үндсэн ойлголт, тулгамдсан асуудлууд”сэдвээр илтгэл тавьж, барилгын салбар дахь жендэрийн тэгш бус байдал, цалин хөлс, хөдөлмөрлөх нөхцөл зэргээр асуудлуудыг хөндөж, улмаар салбарт цаашид хэрэгжүүлэх саналуудыг гарган тавьсан билээ.





