April 6, 2023
ТЕНДЕРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД БАРИЛГЫН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ТУСГАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн өргөтгөсөн  хурал 2023.04.03-ны өдөр БХБЯ-нд болж тус хуульд тусгах барилгын салбарын зохицуулалт, зураг төсөл, барилгын материал эдлэлийн чанар, үнэ, стандартын хяналт, гэрээний хэрэгжилт, хариуцлагатай холбогдсон асуудлаар санал солилцож ярилцав.

Тус хуралд УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир,  БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, БХБ-ын сайдын зөвлөх н.Бат-Эрдэнэ, ББМҮБХЗГазрын дарга Д.Гантулга, мэргэжилтэн С.Должинсүрэн, Ажлын хэсгийн 10 гаруй гишүүд, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны Салбарын бодлого хариуцсан Зөвлөх Г.Лосол нар оролцлоо.

Хуралд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын боловсруулалтын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Барилга байгууламжийн чанарт нөлөөлөх хүчин зүйлийн талаар  БХБЯ-ны ББМҮБХЗГазрын дарга Д.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Тендерийн бичиг баримтын бэлтгэл зохион байгуулалтыг хангах, тендерийг үнэлж шалгаруулах, шалгарсан тендерийн явц, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах хүрээнд дараах асуудлуудыг зайлшгүй зохицуулах шаардлагатай байгааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга”  болон “Барилгын тухай“ хуулийн шинэчилсэн найруулга,  бусад дагалдах хуулиудын төсөлд тусгахаар саналаа солилцлоо. Үүнд:

  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тендертэй холбоотой асуудлыг бүх талаас нь судалж тусгах
  • Барилгын зураг төсөлд тавих чанарын шаардлага, хариуцлагыг өндөр болгож,  тухай барилга байгууламжид хэрэглэх материал, хийц эдлэл,  тоноглолын сонголт, чанар, стандарт , код, шаардлагыг зураг төсөлд тодорхой зааж өгөх, түүнийг тендерийн  үнэлгээний шалгуур болгон хэрэглэх, авторын хяналтыг сайжруулах
  • Шинэ нэр төрлийн, үйлчилгээтэй барилгууд, төрөлжсөн /бассейн, спорт заал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт/ барилга байгууламжид тавигдах тусгай шаардлага, үндсэн стандартыг тодорхой заасан нэг маягийн зураг төслийг баталж мөрдөх, түүнийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар сайжруулж байх
  • Ямар тохиолдолд үнийн тодотгол хийхийг хуульд тодорхой зааж тусгах
  • Барилгын ажлын явцад гүйцэтгэгч солих шаардлага гарвал түүнд хүлээлгэх хариуцлага, торгууль , хохирлын асуудлыг хамт шийддэг байх
  • Дахин магадлал хийх, эсвэл магадлал хийхгүйгээр үнийн инфляцын дагуу төсвийн өөрчлөлт хийх асуудлыг сайн судалж, асуудлыг зөвөөр шийдэх
  • Үнийн индексийг баталж санхүүжилт, гүйцэтгэлээ баталгаажуулахад  хэрэглэх боломжийг судлах
  • Хэдэн жилийн өмнө хийгдсэн зураг төсөл хэрэглэх тохиолдолд түүнд дахин иж бүрэн магадлал заавал хийдэг болох/ одоо зөвхөн  үнэ, төсвөө л өөрчилдөг/
  • Урьдчилгаа төлбөрийн 30 хувь олгохоор тендерийн бичиг баримтад тусгасан бол түүнийг заавал олгодог болох
  • Чанаргүй хийсэн зураг төсөлд өөрчлөлт оруулж, нэмэлт санхүүжилт авдаг асуудалд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог чангатгаж гарсан хохирлыг хэн төлөхийг тодорхой хуульчилж өгөх
  • Зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт техникийн нөхцөл, суурь судалгаа,  хэрэглэх материал, тоноглолын  стандарт, кодыг тодорхой зааж өгч, зураг төслийн чанарт тавих  шаардлагыг сайжруулах  
  • Гүйцэтгэгч тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа төлж, банкны зээл авч, ажлаа тасралтгүй төлөвлөсөн байхад тухайн объектыг төсвийн тодотголоор хасвал  учрах хохирлыг компани хариуцахгүй,  Сангийн яам хариуцдаг болох зэрэг асуудлыг хуулийн төсөл боловсруулж байгаа хоёр Ажлын хэсэг хамтран дахин нарийвчлан ярилцаж, аль хуульд ямар өөрчлөлт, шинэчлэлт оруулах саналаа тохирохоор болов.            
Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ