Барилга, хот байгуулалтын яамнаас улсын хэмжээнд өргөх байгууламжийн хууль тогтоомж, норм, дүрмийг хэрэгжүүлж буй байдал, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгын дор мэргэжлийн болон ашиглагч байгууллагуудын дунд “ӨРГӨХ БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ СТАНДАРТ” сэдэвт зөвлөгөөнийг 2023.04.04-ны өдөр зохион байгууллаа.БХБЯ-ны салбарын хяналтын газар нь өргөх байгууламжуудын үйл ажиллагаа нь ашиглалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгахад илэрч буй зөрчлүүд, норм, дүрмийг хангуулаагүй байдал зэрэгт үнэлэлт дүгнэлтийг хийж, улмаар зөрчилтэй байдлыг арилгуулах чиглэлийн хүрээнд мэдээлэл, зөвлөмжийг өгч, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Улсын хэмжээнд 19,230 өргөх байгууламж бүртгэлтэй байгаагийн 81.5% нь буюу 15,671 нь нийслэлд ашиглагдаж байна. Орон нутагт 18.5% буюу 3,559 өргөх байгууламжийг ашиглаж байна. Орон сууцны хэрэгцээнд нийт 8,131 лифт ашиглагдаж байгаагаас 323 лифт нь эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Эрсдэл өндөртэй нийт лифтний 89% нь буюу 289 лифт нь нийтийн орон сууцанд, 34 лифт нь эмнэлгийн байгууллагад ашиглагдаж байгаа тул яаралтай арга хэмжээг авч ажиллах шаардлага тулгарч байна. Шалгалтын явцад лифтний хонгилын хаалга тохиргоогүй, мэргэжлийн лифтчин байхгүй, засвар үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулаагүй, ээлжит магадлалд хамрагдаагүй, лифтний түргэн элэгддэг эд ангиудыг шинэчлээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл илэрч байгаа гэсэн байна. Шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн лифтүүдээс 132 лифтний ашиглалтын хугацаа нь дууссан байснаас шинэчлэн солих, эвдрэлтэй лифтний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр заавар зөвлөмжийг өглөө. Харин краны үйл ажиллагааны хувьд ослоос урьдчилан хамгаалах хэрэгсэл ажиллахгүй байх, засвар үйлчилгээ хийлгээгүй, оосорлогч, дохиочин зэрэг мэргэжлийн ажилтан ажиллуулаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа тул дээрх бүх зөрчлийг арилгах чиглэлд хамтарч ажиллах талаар оролцогч байгууллагууд санал солилцлоо. Өргөх байгууламж болох лифт, краны аюулгүй ажиллагааг хангах зорилготой энэхүү зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, МБҮА ТББ, орон сууцны лифт ашиглагч байгууллагууд, өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов. Тус зөвлөгөөнд МБҮА ТББ-ын Ажлын албаны БҮАТЗ-ийн хэлтсийн дарга Х.Гүлбарша нь “Өргөх байгууламжийн тусгай зөвшөөрлийг цахимаар гаргах зааварчилгаа” сэдвээр танилцуулга хийж, барилгын салбарын нэгдсэн систем, түүний модуль болох барилгын тусгай зөвшөөрлийн цахим системийн талаар мэдээ, мэдээллийг өгөв.





