September 8, 2023
БАРИЛГЫН САЛБАРЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, барилгачдын баярын өдрөөр “Барилга орон сууц 2023” үзэсгэлэн нээлтээ хийж “Ногоон хөгжилд түүчээлнэ” уриан дор барилгын компаниудын шилдэг технологи, шинэ загвар, шинэ төслүүдийг танилцуулж байна.”Барилга орон сууц 2023″ үзэсгэлэнийн нээлтийг “Барилга МН”-ийг үүсгэн байгуулагч Г.Батсүх, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ захирал Ц.Амарсанаа, Барилга, Хот байгуулалтын яамны Барилга, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг болон барилгын салбарын төрийн бус байгууллагын тэргүүнүүд оролцож, салбарын хөгжил дэвшил, бодлого шийдвэрийн талаар танилцуулж, барилгачдын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

“Ногоон хөгжилд түүчээлнэ” уриатай үзэсгэлэн нь 2023.09.08-10-ны өдрүүдэд Мишээл экспо-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд шинэ орон сууц сонирхож байгаа иргэд хэрэглэгчид ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой төдийгүй дундын зуучгүйгээр 30 хүртэлх хувиар шинэ орон сууцаа хямдруулан авах нөхцөлийг олгож байгаа юм байна.

“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэнд шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, барилгын ханган нийлүүлэгчид, барилгын тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, Олон улсын оролцогчид (Хятад, Орос, Итали), Зураг төсөл, Интерьер дизайн, ландшафт, Халаалт, агааржуулалтын шийдэл, Сэргээгдэх эрчим хүч гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Тухайлбал МБҮА ТББ-ын гишүүн байгууллагууд болох “Монгол Базальт” ХК, “Ти эд Жи” ХХК, “Улаанбаатар пропертиз” ХХК, “Нутгийн буян групп” ХХК, “Барилга МН” ХХК, “Хурд групп” ХХК, “Тэсо пропертиз” ХХК, “Динамек тауэр” ХХК, “Универсум групп” ХХК-иудын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татаж байсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр Германы HOERMANN брэндийн албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан бөгөөд галд шатдаггүй металл хаалгыг Монголд үйлдвэрлэх боломжийг хайж тусгаарлагчаар нь базальт чулуун хөвөн хийхээр сонирхож байгаагаа илэрхийлж байсан бол хүний эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй ногоон технологиуд болох барилгын сантехник, агаар сэлгэлт ба хөргөлтийн систем, агаар сэлгэлтийн төмөр хоолойн үйлдвэрлэлээрээ танигдаад байгаа “Динамик тауэр” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татаж байлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ