October 10, 2023
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-ЫН 2023 ОНЫ ЭЭЛЖИТ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН II ХУРЛААР ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭЖ ТОГТЛОО

МБҮА ТББ-ын 2023 оны Ээлжит Удирдах зөвлөлийн II хурал нь 2023.10.06-ны өдөр “Инвескор” ХХК-ийн шинэхэн оффисын байранд зохион байгуулагдсан бөгөөд Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:

-МБҮА ТББ-ын Ажлын албаны 2023 оны Үйл ажиллагаа болон Санхүүгийн товч тайлангийн гүйцэтгэлийн танилцуулга,

-МАЭ-ийн 2023.09.08-ны өдрийн 09/02 албан тоот “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд олгогдох ТЗ-ийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг МАЭ-д олгох” тухай хүсэлтийн хэлэлцүүлэг,

-МБҮА ТББ нь IFAWPCA-ийн 46 дахь Чуулганд оролцох эсэх тухай товч мэдээ, түүний албажуулах,

-МБҮА ТББ-ын Ажлын албаны Санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын танилцуулга

(МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн 2022.12.30-ны 22/10 дугаар тушаалын дагуу) зэрэг байв.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханы Хурлын нээлтийн үг:

МБҮА ТББ-ын 2023 оны Ээлжит Удирдах зөвлөлийн II хуралд оролцож байгаа Эрхэм гишүүд Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2023.02.10-нд хуралдсан Удирдах зөвлөлийн анхдугаар хурлаас хойших хугацаанд Ассоциациас гишүүд, төр-хувийн хэвшлийн нөлөөллийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүдээр нэлээд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс томоохон ажлуудыг дурдвал:

-Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь барилгын салбарын төрийн бус 7 байгууллагуудын түншлэлийг төлөөлж БХБЯ-тай хамтран ажиллан БҮАТЗ-ийг олгох цахим системийг бүрэн цахимжуулснаар энэхүү үйл ажиллагаа нь хүний оролцоо багассан, ил тод, түргэн шуурхай болсон. Ажлын энэ үр дүнг харгалзан Барилга, хот байгуулалтын Сайдын 2023.05.30-ны өдрийн 131 дүгээр тушаалаар барилгын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг МБҮА ТББ-т 2 жилийн хугацаатайгаар гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн болно.

-Гадаад хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг судлах, санхүүжилтийг олох зорилгоор МБҮА ТББ нь ХБНГУ-ын “Би Би Ви” ОУ-ын техникийн сургалтын байгууллагатай хамтран ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилга буюу “IKI” тэтгэлэг хөтөлбөрт “Төвлөрсөн бус ногоон эрчим хүчний шилжилт ба хэмнэлттэй барилга”-ын чиглэлээр төслөө боловсруулан илгээсэн бөгөөд хариуг хүлээж байна.

-БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINСA) нь жил бүр “Олон улсын барилгын салбарын дэд бүтэц болон хөрөнгө оруулалт”-ын форумыг зохион байгуулдаг бөгөөд 2023.05.31-06.02-ны өдрүүдэд болсон ээлжит хуралд МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч миний бие нь оролцож, хоёр холбооны хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан бизнесийн форумыг зохион байгуулахаас гадна хоёр улсын Засгийн газрын хамтарсан бизнесийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах тал дээр санаа санаачилгыг гарган ажиллалаа.

-Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA), Барилга, Хот Байгуулалтын Яам, МБҮА ТББ хамтран Монгол Улсад анх удаагаа 2023.06.14-17-ны өдрүүдэд IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганыг Улаанбаатар хотноо гадаадын 14 орны 76 барилгын салбарын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулан “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн нээлттэй өдөрлөг”, Олон улсын “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн форум болон B2B уулзалт”, Олон улсын “Тогтвортой барилгын эрин” зэрэг цуврал арга хэмжээнүүдийг МБҮА ТББ-ын гишүүдийн туслалцаа, дэмжлэг, хандиваар амжилттайгаар зохион байгуулсан. Энэ чуулганы үеэр “Филиппиний барилгын ассоциаци” болон “Бангладешийн барилгын аж үйлдвэрийн ассоциаци”-тай “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.

-Засгийн газрын 2023 оны 154-р тогтоолоор “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн гишүүнээр Гүйцэтгэх захирал Л.Хулан-г томиллоо. Энэ зөвлөл нь төр-хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл бөгөөд Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналтыг тавих, “Зөвшөөрлийн тухай” хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлтээ гаргах үүрэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажиллахаар үйл ажиллагааны журмыг нь Засгийн газрын 2022 оны 462 дугаар тогтоолоор баталсан болно.

-Шинэчилж баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендерийн бичиг баримт, дүрэм, журам боловсруулах болон “Барилгын тухай” хуулийн төслийг боловсруулах “Ажлын хэсэг”-т Ассоциацийн төлөөлөл нь албан ёсоор орж ажиллаж байна.

-Барилгын компаниуд, бичил, жижиг бизнес эрхлэгчид, инженер, техникийн ажилтнуудыг ажилд зуучлах “Барилгын ажил” цахим системийг ашиглалтад оруулж буйг танилцуулах нээлтийн ажиллагааг 2023.06.14-нд “Тусгаар тогтнолын талбай”-д IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганы хүрээнд зохион байгуулсан “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн нээлттэй өдөрлөг”-ийн үеэр МБҮА ТББ-ын Ажлын албаны “Дулаан шийдэл 2” Төслийн хамт олон нь олон нийтэд танилцуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

-Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс зохион байгуулж буй цуврал семинар, бусад танилцуулах мэдээллийг авч хамтран ажиллаж байна.

-Улаанбаатар хотын үерийн усны гамшгийн хүнд цаг үед Улсын онцгой комисс, цагдаа, цэрэг, онцгой байдлын албад, БХБЯ-нд дэмжлэг болох үүднээс МБҮА ТББ-ын нийт Гишүүн компаниуд, Ажлын алба нь нь КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд хово машин, элс, бэлэн мөнгө, төр-хувийн хэвшлийн харилцаа холбоог зохицуулах зэрэг дэмжлэгийг үзүүлэн ажиллалаа.

-“Дулаан шийдэл 2” төслийн болон БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу БҮАТЗ олгох ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулах ажил амжилттай үргэлжилж байна.

-УИХ-ын 2021.11.12-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж үнийн өөрчлөлтийн индексийг батлах, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийж үнийн зөрүүний санхүүжилтийг олгох асуудлаар “Барилгын салбарын сэргэлт” хэлэлцүүлэгт оролцлоо.

-“Акуа Гарден хотхон”-ы 2 блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар гишүүдийн дуу хоолойг нэгтгэн “Мэдэгдэл” гаргасан.

-МБҮА ТББ нь өөрийн “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-ийн дагуу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-нд Гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаж, 2023.09-р сард зохион байгуулагдсан ФИДИК-ийн Ерөнхий ассамблейн ээлжит хурлын шийдвэрээр “Түншлэгч гишүүн”-ээр элсүүлэх болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй ажилд сонгогдсон миний хувьд нийт гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, гишүүдийн эв нэгдэл, нэгдсэн чиг хандлагыг эрхэмлэн гишүүдийн чадавхыг сайжруулах, аливаа хийгдэх ажлыг төслийн удирдлагын зарчмаар ажиллах, шинэ соёл, хандлагыг бий болгоход анхаарлаа хандуулан ажиллах болно.

Бид энэ удаагийн хурлаараа Ассоциацид шинэ гишүүдийг элсүүлэн Батламжийг гардуулах, 2023 оны I, II, III улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганы товч тайлантай танилцах, МБҮА ТББ-ын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэх Бүх гишүүдийн Ээлжит бус VI Чуулганыг хуралдуулах товыг тогтоох, Гүйцэтгэх захирлын гэрээтэй холбоотой Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчдийн зөвлөлийн ярилцсан санал, Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан “Ажлын хэсэг”-үүдээс хийсэн ажлын танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэж, Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо уралдуулж, гарц гаргалгаа, шийдлээ ярилцах болно.

Ингээд энэ удаагийн УЗ-ийн хурлыг нээснийг мэдэгдэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалъя. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Хурлын үеэр дараах шинэ Гишүүдэд гэрчилгээг нь гардуулж, амжилт хүслээ. Үүнд:

ШИНЭ ГИШҮҮНЭЭР:

1. Эн Ар ХХК 10. Мандалт Констракшн ХХК

2. Хотол Архитекторс ХХК 11. Орон Нутаг Констракшн ХХК

3. Урьхан санаа ХХК 12. Дэлгэрэх Таван Чандмань ХХК

4. Өү Энд Өу Си Эйч ХХК 13. Ричвелл Инженеринг ХХК

5. Эн Си Си Эс ХХК 14. Дако ХХК

6. Ганьт ХХК 15. Силвер Тауэр ХХК

7. Чокванг Пейнт Монголиа ХХК 16. Лекал Линг Эм Эн ХХК

8. Хар Хорин ХХК

9. Эндлэсс Энержи ХХК

ДЭД ГИШҮҮНЭЭР:

1. Ш.Баярсайхан (“Дулаан шийдэл 2” төсөл, Бригадын ахлагч)

2. С.Батнасан (“Дулаан шийдэл 2” төсөл, Бригадын ахлагч)

3. Ц.Цогт-Эрдэнэ (“Дулаан шийдэл 2” төсөл, Бригадын ахлагч)

4. Б.Хүрэлбаатар (“Дулаан шийдэл 2” төсөл, Бригадын ахлагч)

5. М.Анхмаа (“Дулаан шийдэл 2” төсөл, Бригадын ахлагч) нар байв.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ