October 11, 2023
МБҮА ТББ НЬ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО (ФИДИК)-НД “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН”-ЭЭР ЭЛСЭХЭЭР БОЛЛОО

 

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО (ФИДИК) нь МБҮА ТББ-ыг “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН”-ээр элсүүлэх шийдвэрийг 2023.09.08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурал, улмаар 2023.09.10-ны өдрийн Сингапурт болсон ФИДИК-ийн Ерөнхий Ассамблейн хурлаараа (GAM) оруулан соёрхон баталлаа. ФИДИК нь Швейцарын Женев хотноо 1913.07.22-ны өдөр үүсгэн байгуулагдаж, эдүгээ дэлхийн 100 гаруй гишүүн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжин тэлж, Сургалт, судалгаа (ФИДИК-ийн Академи, Гэрчилгээжүүлэлт), Жишиг гэрээ (Suite of Contracts), Маргаан шийдвэрлэлт, Эвлэрүүлэн зуучлал чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ФИДИК-ийн гишүүн орон болсноор тухайн гишүүн нь дараах эрхийг эдэлдэг байна. Үүнд:

  • ФИДИК-ийн сургалтыг зохион байгуулах (гишүүний хөнгөлөлт, тусгайлсан сургалтыг зохион байгуулах хүсэлтийг гаргах)
  • ФИДИК-ийн бүс нутгийн холбоонд нэгдэх (FIDIC Asia-Pacific), бусад гишүүн бүхий холбоодтой харилцах
  • ФИДИК-ээс эрхлэн гаргасан бүтээлийг орчуулах эрхийг авах
  • ФИДИК-ээс эрхлэн гаргасан бүтээлийг хэвлэх эрхийг авах (зөвхөн Гишүүн холбоо нь)
  • ФИДИК-ийн барааны тэмдгийг тодорхой хүрээнд ашиглах эрхийг авах (лого ашиглах, нэрийн хуудас, веб хуудас, албан бичиг дээрээ байрлуулах г.м)
  • ФИДИК-ээс эрхлэн гаргаж буй бүтээлүүд, тэдгээрийн шинэчлэлийн талаарх мэдээллийг авах
  • ФИДИК-ээс явуулсан судалгааны үр дүнтэй танилцах
  • ФИДИК-ийн албан ёсны үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах эрхийг авах зэрэг болно.

МБҮА ТББ-ыг Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-нд элсэхэд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-с ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН АЛБАН БИЧГИЙГ авч илгээсний дагуу ФИДИК-ийг Монгол Улсад төлөөлөх “Түншлэгч гишүүн” нь болж, барилга, хот байгуулалтын салбарт ФИДИК-ийн гэрээг хэрэгжүүлэх үйл явцыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурган чадавхжуулах ажлыг зохион байгуулах, салбарын үйл ажиллагаанд оролцогч хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч нарын хоорондын харилцааг зохицуулах, эрх тэгш байдлыг хангах, хамгаалан ажиллах үүргийг хүлээх, улмаар Монгол Улсад ФИДИК-ийн мэдээллийг болон гэрээг түгээх Гишүүн болон үндэсний хэмжээний холбоодын нийтлэг мэргэжлийн эрх ашгийг хөгжүүлэх, Монгол Улсын барилгын салбарт Олон улсын гэрээ, эрх зүйн орчныг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэн шинэ дэвшил, эргэлтийг авчрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх болно. МБҮА ТББ-ыг ФИДИК-д “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН”-ээр элсүүлэх ажил үйлсэд сүүлийн 3 жилийн хугацаанд өөрсдийн хичээл зүтгэл, ур чадвар, санаа санаачилгаа гарган үр дүнтэй ажилласан МБҮА ТББ-ын Хүндэт ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Гүйцэтгэх захирал Л.Хулан, УЗГ, “Эс Ди инженеринг энд констракшн” ХХК-ийн Захирал Б.Баасансүрэн, Хуулийн зөвлөх Б.Сумъяажав, Ажлын албаны “Дулаан шийдэл 2” төслийн Төслийн зохицуулагч, Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Г.Номин болон Ажлын албаны хамт олонд баяр хүргэж, эхлүүлсэн энэ ажил үйлсэд нь цаашдын амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, НИЙТ ГИШҮҮД, АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН

2023.10.06

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ