Өнөөгийн Монгол Улсын хөгжлийн нэгэн том сорилт, нүүр тулсан бэрхшээл бол авлига юм. Барилгын салбар бол Монгол Улсын хөгжлийн нэгэн тулгуур салбар тул бид сайн, чанартай, ирээдүйгээ бодсон барилгыг барихаас гадна барилгын салбар дахь авлигатай тэмцэж, авлигагүй барилгыг барьж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь бид бүхний эрхэм зорилго бөгөөд ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээж буй ёс суртахууны үүрэг хариуцлага юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд амар, хялбар биш ч бид үүнийг хамтдаа эхлүүлэх ёстой. Бидний төсөөлж байгаагаар энэ зорилтыг дараах гурван үе шаттай явуулах нь зүй зохистой буюу товч томьёолбол ӨГӨХГҮЙ, БОЛОМЖГҮЙ, ШААРДЛАГАГҮЙ гэсэн үе шатууд байх юм.
НЭГ. ОЙРЫН ХУГАЦААНЫ ЗОРИЛТ – ӨГӨХГҮЙ
-Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ (МБҮА), түүний нийт гишүүн компаниуд нь Авлигын эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлэн салбарын түншлэгч болон бусад холбоодыг уриалан УРИАЛГА гарган нэгэн зорилгын дор нэгдэх.
-Авлигыг бий болгож буй амьдралд нийцэхгүй хууль эрхзүйн орчин, дүрэм, журмын жагсаалтыг гаргах.
-Эдгээрийг салбарын болон хуулийн шилдэг мэргэжилтнүүдээр бүрдүүлсэн төслийн багийг байгуулан төсөлжүүлэх замаар шинэчлэн боловсруулалтыг хийх,
– Төрийн болон холбогдох шатны байгууллагуудтай хамтран ажиллах замаар хууль дүрэмд нийцүүлэн батлуулах боломжийг бүрдүүлэх
ХОЁР. ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ – БОЛОМЖГҮЙ
Бид салбарын эрхзүйн орчныг улам боловсронгуй болгоход өөрсдөөс хамаарах санал, хувь нэмрийг оруулснаар шинэ эрхзүйн орчин, зах зээлийн зарчимд нийцсэн систем бий болгож, Авлигыг өгөх, авах нь боломжгүй зүйл болно гэж үзэж байна.
ГУРАВ. УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛТ – ШААРДЛАГАГҮЙ
Авлигал гэх зүйлийг хүн бүр, хэн бүхэн нь мэдэж, тууштай нэгдмэл санаа зорилготойгоор, зоригтойгоор тэмцэж, хамгийн гол нь үүний үндсийг нь таслах шинэ эрхзүйн орчныг бий болгож чадсанаараа салбарын ажил, амьдралын шинэ соёлыг бүрдүүлнэ гэж үзэж байна. Дүгнэвэл, Монголын барилгын салбарын нийт компаниуд нь хамтран авлигагүй, цэвэр, тунгалаг барилгын салбарын суурийг тавьж, бусад салбартаа үлгэр дуурайлал болох замаар Монголын ирээдүй хойч үедээ хувь нэмрээ оруулах юм.
МОНГОЛЫН АВЛИГАГҮЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ.
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан
2023.10.06





