October 19, 2023
“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2024 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”ИЙН ТӨСЛИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ БОДЛЫГ СОНСЛОО

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгадаг зарчмын дагуу МҮХАҮТ-ын Гишүүн компаниудад танилцуулах уулзалтыг 2023.08.18-нд хийлээ. 2023 оноос “Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө”-г УИХ-аас жил бүр холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор Монгол банк ч энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулснаа танилцууллаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар нээж үг хэлсэн бөгөөд МҮХАҮТ-ын Гишүүн 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.  

2024 онд Төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа ба энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгасан байна. Уг танилцуулгад хэд хэдэн онцлох саналууд тусгагдсан нь:

  • Инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх
  • Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх
  • Банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг тусгасан байв.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед өөр бусад сул чөлөөтэй эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах, зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллах тал дээр санал бодол, зөвлөмж хэлэв.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ