November 8, 2023
ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

МҮХАҮТ, Азийн сан, Голомт банктай хамтран “SheTrades Mongolia Hub Beyond Your Border” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний үеэр Олон Улсын Худалдааны Төвөөс зохион байгуулагддаг сургалт, семинар, экспортын гарц, санхүүжилтийн шинэ боломжууд болон “Women Owned” тохирлын тэмдэг, “Азийн сан” цахим B2B платформын үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийлээ.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84.000 нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс энэ төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар бизнес, хөрөнгө оруулалтын өргөн боломжуудыг нээж, ашиг орлого нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн гадаад худалдаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, ажлын уян хатан зохицуулалт хийх боломжуудыг олгохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах боломж бүрдэж байна” гэдгийг дурдсан юм.

Мөн арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах бүхий “Women Owned” тохирлын тэмдгийг “Мана”, “Shoe’s love”, “Бурамхан”, “SabaX” брэндийн бүтээгдэхүүнүүдэд олголоо.

Уг арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан оролцож бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй B2B уулзалтыг хийсэн юм.  

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ