Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөл, Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын албанаас бүрддэг бөгөөд байгууллагын үйл ажиллагаа, хэтийн болоод ойрын төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрлэдэг тогтолцоотой билээ.
Энэ сарын 03-ны өдөр болсон МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан тэргүүтэй Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар Ажлын албаны бүтэц, үйл ажиллагаа, 2022 оны төлөвлөгөөтэй танилцаж, санал зөвлөмж өгсөн юм. Уг хурлаар Ерөнхийлөгчийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж, Мэргэжлийн холбооны тухай хуульд санал авахаас гадна Гишүүнчлэлийн үйл ажиллагааны бодлого, Олон нийттэй харилцах бодлогын талаарх танилцуулгыг сонсож санал өгч, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
Ерөнхийлөгчийн зөвлөлийн ажиллах журмыг батлах,
Ерөнхийлөгчийн дэргэдэх Бодлогын зөвлөлийн албыг байгуулах,
Нийт гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодитой төслийг боловсруулах,
Гишүүнчлэлийн үйл ажиллагааны бодлогыг илүү нарийн, оновчтой болгож батлах,
Маркетинг, ПР-ийн чиглэлээр хэрхэн ажиллах талаарх саналуудыг тусган батлах зэрэг байв.
Бодлогын зөвлөл нь салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдэх бөгөөд Ассоциациас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төр засагт тавьж шийдвэрлүүлэх аливаа санал шийдвэрүүдийг мэргэжлийн төвшинд боловсруулж гаргах үндсэн үүрэгтэй байх бөгөөд байгууллагын Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, туслалцааг үзүүлэх зорилготой юм.
Мөн уг хурлаар барилгын салбарын хууль эрх зүйд төрийн бодлогыг түлхүү тусгах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийт гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, ногоон барилгын хөгжлийг нутагшуулах, Стратеги төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлтийг оруулах, байгууллагын үнэ цэнэ, брэндийг оновчтой зохион байгуулахад тодорхой өөрчлөлтүүдийг хийх алхмыг тавилаа.





