October 31, 2022
МБҮА ТББ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХБНГУ-ЫН “БИ БИ ВИ ИНТЕРНЭШЛ” БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЕХНИКИЙН СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

ХБНГУ-ын Баваари мужийн “БАВААРИЙН БИЗНЕСИЙН ХОЛБОО”-ны “БИ БИ ВИ ИНТЕРНЕШНЛ” (BBW) байгууллагаас 2022.10.15-22-ны өдрүүдэд “БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ”, 2022.10.22-29-ний өдрүүдэд “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГААЛАХ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАМЖУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” техникийн семинарыг тус тус зохион байгуулж, МБҮА ТББ-ын Ажлын алба нь өөрийн гишүүн байгууллагуудын удирдлага, инженер, техникийн ажилтнууд, төлөөллийг тус сургалтад хамрууллаа. Монгол Улсад эрчим хүчийг хэрхэн доголдолгүй хангах асуудал яригдаж буй энэ цаг үед тус техникийн семинараар ХБНГУ-д энэ асуудлыг хэрхэн, яаж эрэлт, нийлүүлэлтийг хангах байдлаар асуудлыг шийдвэрлэж байгааг газар дээр нь очиж үзэн танилцах боломжоор хангасан болно. Тухайлбал, төвийн системээс үл хамаарсан бие даасан эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрээс хэрхэн гарган авч, бага өртгөөр, байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн бага хэмжээнд байлгаж, энергийн эх үүсвэрийг хэрхэн бий болгож эрчим хүчний тогтвортой хангамжийг бий болгож байгаа тухай сургалтанд онолын түвшинд хамрагдахаас гадна, үүнийг хэрхэн шийдэж байгаа туршлагатай танилцлаа. Энэхүү туршлага судлах техникийн сургалтын үеэр Монголын барилгын инженерүүд, архитекторууд, хот төлөвлөгчид, мэргэжилтнүүд зэрэг төлөөлөгчид нь ХБНГУ-ын Баваари мужийн Архитектор Үвэ Фикэншэрийн Хоф хотод байрлах “Нарны байшин”-д нь зочилж хэрхэн нар, дулааны эрчим хүчийг ашиглан тухайн байшинг эрчим хүчээр хангаж байгаатай танилцсан бөгөөд эрчим хүчний хэмнэлт, нарны архитектурын талаар цаашид бие биенээсээ маш их зүйлийг суралцах боломжтойг олгосон аялал байв. Аялалын үеэр Монголд үйлдвэрлэсэн хонины ноосны дулаалгын болон бусад барилгын материалыг үйлдвэрлэх, үүнийг ХБНГУ руу экспортлох ямар боломж байгаа талаар цаашид судлах, бүтээгдэүүнийг хөгжүүлэх зэрэг асуудлыг судалж, төсөл боловсруулахаар тохиролцов.

 

ТӨВЛӨРСӨН БУС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАНГАХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

Уг сургалт арга хэмжээний үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан болон төлөөллүүд нь BBW байгууллагын удирдлагатай уулзаж Монголын барилгын салбарын мэргэжилтнүүдийг ХБНГУ-ын барилгын техник, технологийн сургалт, семинар, мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг аль болох олон компанийн төлөөллийг оролцуулан хамруулах, Германы мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж энэ чиглэлийн урт болон богино хугацааны мэргэжлийн техникийн сургалтуудыг МБҮА ТББ-ын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулахаар болов. Мөн BBW байгууллага болон МБҮА ТББ нь Монгол Улсын техникийн их сургууль, салбарын бусад холбоодтой хамтран төвлөрсөн бус эрчим хүчний эх үүсвэрээр барилга байгууламжийг хангах технологийг Монгол Улсад нутагшуулах туршилтын төслийг  ( Pilot project) 2023 оноос эхлүүлэхээр тохиролцлоо. 

 

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Б. МАНДАХБИЛЭГ МБҮА ТББ-д АЛБАН ЁСООР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

МБҮА ТББ-ын зүгээс энэ удаагийн арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон ба энэ удаагийн техникийн сургалтын арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Зөвлөх О.Гочоодорж нар дэмжлэг үзүүлэн оролцлоо. Түүнээс гадна МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нарыг хүлээн авч уулзаж, ХБНГУ-ын ижил төрлийн байгууллагуудтай холбоо тогтооход нь албан ёсоор дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

BAUMA нь ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ БОЛОМЖИЙГ ОРОЛЦОГЧДОДОО ОЛГОДОГ БИЗНЕСИЙН ТАЛБАР

Барилгын болон барилгын материалын машин техник, уул уурхайн машин, барилгын тоног төхөөрөмжийн дэлхийн тэргүүлэгч үзэсгэлэн яармаг 33 дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо зохион байгуулагдаж дууслаа. Мюнхен хотноо 3 жил тутам зохион байгуулагддаг BAUMA олон улсын үзэсгэлэн яармаг нь барилгын болон барилгын материалын машин техник, уул уурхайн машин, барилгын тоног төхөөрөмжийн салбартаа дэлхийд тэргүүлэгч үзэсгэлэн яармагуудын нэг юм. Үзэсгэлэн нь барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн түүхий эдийн олборлолт болон боловсруулалт мөн эд анги, ханган нийлүүлэгчид гэсэн 4 чиглэлээр явагддаг. Эдгээр чиглэлүүд нь BAUMA үзэсгэлэн яармагийн үндэс суурь болж салбарын үнэ цэнэ, үйл явцын гинжин хэлхээг бүрэн тусгасан байдаг. Тус үзэсгэлэн худалдаанд олон улсын зах зээл, салбарын тэргүүлэгчид барилгын машин механизм, уул уурхайн машин механизм, барилгын тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи шингээсэн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх зэргийг танилцуулдаг юм байна. Энэ бол инновац, амжилтын хөдөлгүүр төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн барилгын мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн технологийн талаар мэдээлэл авч хоорондоо холбогддог олон улсын бизнесийн төв болсон үзэсгэлэн юм. Нэмж дурдахад BAUMA нь олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг оролцогчдодоо олгодог бөгөөд энэ салбарын мэргэжилтнүүдийн хувьд сонирхолтой харилцаа холбоог тогтоох, шинэ бизнесийг бий болгох чухал уулзалтын цэг юм.

 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ