Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшгийн хөндийд “Шинэ Зуун мод” хот буюу Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөсний дагуу бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буй.
Уг ажлын хүрээнд одоогоор инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93.3 хувийн гүйцэтгэлтэй, 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа ба уг бүтээн байгуулалттай холбоотой хууль эрх зүй, инженерийн дэд бүтцийн зураг, төмөр зам болон шийдвэрлэгдээгүй газрын асуудлуудыг ирэх онд шийдвэрлэхээр тусгасныг БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар болон Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргааны дарга Д.Оюунхорол нар танилцууллаа.
Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний хороо нь 2022.12.19-ны өдөр хуралдаж, Төв аймгийн Хөшгийн хөндий дэх Шинэ Зуун мод хот, Эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг баталж, “Олон улсын санхүүгийн төвийн тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг байгуулахаар тогтлоо. Мөн тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, цаашид сэргээгдэх эрчим хүчээр бааз сууриа хангах тал дээр анхаарч ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.
Уг хуралдаанд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа нар оролцож, Монголын барилгын бүтээн байгуулагч нар, тэр дундаа МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд нь хэрхэн оролцох боломж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, байр сууриа дахин илэрхийллээ. Мөн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувийн хэвшил, тэр дундаа МБҮА ТББ нь хэрхэн оролцох боломжтой байгаа талаарх загвар төслийг гаргаж дараагийн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.





