МБҮА нь олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд салбарын олон улсын байгууллагууллага, нийгэмлэгүүдтэй холбоо тогтоож, хамтын ажиллагаа эрчимтэй явуулж байгаа билээ. Үүний нэг болох БНХАУ-ын Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг ТББ-ийн урилгаар МБҮА-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 09 дүгээр сарын 10-12-ний хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжур хотноо зохион байгуулагдсан “Анхдугаар удаагийн Хятад Орос Монголын залуучуудын ажил үйлс бүтээх чуулган”-д амжилттай оролцсон ба албан айлчлалын дэлгэрэнгүй мэдээг хүргэж байна.
Чуулган нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулах үйл явцыг түргэтгэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих, хамтаар найрсаг солилцоо, хамтын ажиллагааны нээлттэй платформ байгуулах зорилгын хүрээнд БНХАУ-ын Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ны Засгийн Газар, ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Засгийн Газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд 3 улсын 350 гаруй залуу бизнес эрхлэгчид нэг дор цуглан, өөрсдийн бизнесээ танилцуулж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү чуулганд Монгол Улсаас хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн үйлдвэр, барилга зэрэг салбарын 100 гаруй удирдлага, төлөөлөгчид оролцсон бөгөөд МБҮА-ийн зүгээс:
- Ажлын албаны БҮАТЗ-ийн хэлтсийн мэргэжилтэн С.Оюунномин,
- Гишүүнчлэл, гадаад харилцаа, төсөл хариуцсан ажилтан Б.Бүжинлхам,
- Макс Групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал н.Уянга
- Дабль Пирамид Констракшн ХХК-ийн Ерөнхий менежер О.Өнөржаргал,
- Роял Нью Кэстл ХХК-ийн Төслийн менежер А.Туяа,
- Топологи ХХК-ийн Үйл ажиллагааны менежер О.Чинзориг,
- Тэсо пропертис ХХК-ийн Маркетинг борлуулалтын ахлах менежер Б.Адъяадорж нар амжилттай оролцлоо.
Түүнчлэн уг айлчлалын үеэр Зун-Хуа нийгэмлэгийн урилгаар Мишээл Экспо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндалай, Гүн Ойл ХХК-ийн Ерөнхий захирал н.Дүгэрсүрэн оролцсон бөгөөд нэг баг болж, хамтдаа айлчлал хийлээ.
Арга хэмжээ нийт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд Манжуурын Хойд бүсийн Олон Улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт, Хятад улсын залуучуудын ажил үйлс бүтээх инкубатор төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд чуулганы үеэр Монгол Улсыг төлөөлж Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү, Шадар сайдын зөвлөх, гурван улсын эдийн засгийн коридор судлаач Л.Хангай, нар 3 орны эдийн засаг, бүс нутгийн онцлогийн талаар илтгэл танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хийх сонирхолтой БНХАУ, ОХУ-ын бизнес эрхлэгчид манай орны төлөөлөгчидтэй бизнес уулзалтууд хийснээс МБҮА-ийн багтай ган бүтээцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Jin Tong Building ХХК-ийн удирдлагууд уулзаж, Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр БНХАУ-ын FATA Групп компани ажилласан бөгөөд гурван улсын урлаг соёлын арга хэмжээг чуулгандаа оруулж өгсөн нь соёлоо таниулах чухал алхам болсон юм. Арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд шилжин явах цом гардуулсан бөгөөд 2020 оны намар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулагдахаар боллоо.
МБҮА-ийн Ажлын алба





