Эх дэлхийгээ хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль орчноо сэргээх, хамгаалахад иргэн, байгууллага бүрийн оролцоо нэн чухал билээ. Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад хог хаягдлын асуудал тулгамдаж буй чухал сэдэв бөгөөд эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд World Cleanup Day буюу “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭХ ӨДӨР”-т нэгдэж, хувь нэмрээ орууллаа.
Дэлхий дээр хог хаягдлын нэгдсэн системд холбогдоогүй 3,5 тэрбум хүн байдаг бөгөөд эх дэлхийд 4 тэрбум хог хаягдал жил бүр бий болж, зарим тохиолдол байгаль орчны эко системийг өөрчлөхөд сөргөөр нөлөөлж байгааг шийдвэрлэх зорилгоор анх 2007 онд Эстон Улсад “World Cleanup Day” аян эхэлжээ. Уг аян нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 17 зорилтоос 9-ийг нь бүрдүүлэхэд дэмжлэг болно гэж үздэг. Монгол Улс 2018 онд нэгдсэн бөгөөд өнгөрсөн жил уг аянд сайн дурын 1012 хүн оролцон Туул голын сав дагуух газрын нийт 30 га талбайд 6,8 тн хог хаягдал түүсэн бөгөөд энэ жил “Сэлбэ” голын сав орчмыг илүү өргөн цар хүрээ, талбайг хамран зохион байгууллаа.
МБҮА нь зохион байгуулагчаар ажилласан бөгөөд МБҮА-ийн гишүүн байгууллагаас Улз Буянт Пропертиз ХХК-ийн 30 гаруй залуус, Инвескор Проперти Менежмент ХХК-ийн 22 залуучууд оролцож, МБҮА-ийн Ажлын албатай хамт нийт 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт нэгдлээ.
Мөн түүнчлэн уг аяны мэдээлэл ikon.mn сайт дээр тавигдсан байгааг хүлээн авна уу. https://ikon.mn/n/1ofx
МБҮА-ийн Ажлын алба





