Манай Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь салбарын ТББ-ын түншлэлийн хүрээнд 2018 оны 02 дугаар сараас эхлэн БХБЯ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БХБЯ-ны зөвлөх Л.Ганбаатар, БТГ-ын дарга Ц.Баярбат, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, ББМҮБХЗГ-ын дарга Б.Гантулга, БХТ-ын захирал Ц.Амарсанаа нар өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр МБҮА-ийн Ажлын алба, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, МБҮА-ийн Ажлын албаны Зөвлөх Б.Бямбажав болон БЗТЗХ-ын Ерөнхийлөгч Н.Дорж нар оролцлоо.
Уулзалтын эхэнд МБҮА-ийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн Дарга М.Энхбаатар ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж буй талаар илтгэл тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээний байгууллагаас гаргасан дүнгээс харахад төрийн байгууллагын хүнд суртал арилж, шат дамжлага багасаж, иргэн, Аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх байдал сайжирч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж, хариу өгдөг болсон зэрэг таатай үр дүн харагдаж байгаа”-г онцлов.
Түүнчлэн, МБҮА нь гадаад харилцаагаа хөгжүүлж, гадаадын дэвшилтэд технологи, сайн туршлагыг салбартаа нэвтрүүлэх талаар сайн ажиллаж байгаад талархаж байна.
Ассоциаци нь цаашдаа үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилгатай оролцоосой гэж хүссэн бөгөөд тухайлбал, Засгийн Газраас саяхан баталсан 150,000 айлын орон сууц барих хөтөлбөрийг онцлон та бүхний санал санаачлагыг Яам дэмжих болно” гэдгээ хэллээ.
МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд саналыг хүлээн авч, уг асуудлаар БХБЯ, Улаанбаатар хотын захиргаатай хамтран дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ дараах 4 саналыг уламжлав. Үүнд:
- БҮАТЗ олгох үйл ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай ХУР системд холбох;
- БҮАТЗ олгох үйлчилгээний хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах;
- Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрлийг БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу түншлэлд үлдээх буюу үргэлжлүүлэх, сайн туршлагыг урт хугацаагаар сунгах;
- Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх;
- Барилгын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний норм, нормативыг шинэчлэх зэрэг саналуудыг тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дээрх саналуудтай танилцаж, хамтран ажиллах боломжийг судалж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын барилгын салбарын үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн байрыг тохиолдуулан МБҮА-ийн Ажлын албаны төлөөллүүд шагнал хүртлээ. Салбарын нийт ажиллагсдадаа баярын мэнд дэвшүүлье!
МБҮА-ийн Ажлын алба





