Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хаврын хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 8.30-18.40 цагт .Төрийн ордонд “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатайгаар зохион байгуулагдав. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлж, Улсын Их хурлын дарга М.Энхболдыг мэндчилгээг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонсгов.
Төрийн ордоны “Их танхим”-д үдээс өмнө болсон нэгдсэн хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” илтгэлийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар, “Татварын хуулийн шинэчлэл” илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тавьж хэлэлцүүлэв. Дээрх сэдвүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, илтгэгч болон панелистуудаас тодорхой асуулт асууж , хариулт тайлбар авсан.
Үдээс хойш дараах 5 төрлөөр салбар хуралдаан болж 2-4 илтгэл тавьж хэлэлцэж , хуралдаанд оролцогчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, харилцан нээлттэйгээр оролцов. Үүнд:
ИХ ТАНХИМ-д: “ Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, дэд бүтцийн шийдэл” сэдвээр 3 илтгэл .
А. ТАНХИМ-д: “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” сэдвээр 4 илтгэл .
Б. ТАНХИМ-д: “Тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур” сэдвээр 2 илтгэл
В. ТАНХИМ-д: “Хувьчлал, шинэчлэл” сэдвээр 2 илтгэл
Г. ТАНХИМ-д: “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” сэдвээр 2 илтгэл тус тус тавьж хэлэлцүүлсэн.
А. Танхимд болсон “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийн модератороор “25 дугаар суваг” телевизын сэтгүүлч, тоймч Г.Мөнхтуул, панелистаар БХБСайд Х.Баделхан, ЭХСайд П.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-эрдэнэ, МБҮА-ийн дэд ерөнхийлөгч,”Заг” ХХК-ын ерөнхий захирал Б.Нэмэхбаатар, МБНХолбооны ерөнхийлөгч М.Батбаатар, ”Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар ажиллав.
Энэ хэлэлцүүлэгт “Барилга, хот байгуулалтын бодлого” илтгэлийг Барилга, хот байгуулалтын дэдсайд Ш.Лхамсүрэн, “Нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” илтгэлийн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Агаарын бохирдол-эрчим хүчний шийдэл” илтгэлийн Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, “Агаарын бохирдлыг бууруулахшийдэл “ илтгэлийг УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Д.Даваабаяр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал Ж.Очир нар тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлэлцсэн сэдвүүдтэй холбогдуулан санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, илтгэгч болон панелистуудаас тодорхой асуулт асууж , хариулт тайлбар авав.
Төрийн ордоны “Их танхим”-д дараа нь болсон хаалтын хуралдаанаар Салбар хуралдаан бүрээр хэлэлцсэн асуудлаар гарсан саналууд, тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн дүгнэлтээ танилцуулсан. Хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж хэлэлцсэн сэдвүүдтэй холбогдсон зөвлөмж чиглэл өгөв. Хэлэлцүүлгийг хааж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ оны 5 дугаар сарын 21-22-нд “Эдийн засгийн форум”-ыг хөрөнгө оруулагчидаа оролцуулан хийнэ гэж мэдэгдэв. Хэлэлцүүлэгт төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагуудын 1000 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд МБҮА-ын ажлын алба, Удирдах зөвлөл, гишүүн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцсон болно.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





