April 5, 2018
“БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн-2018”  энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн ордоны Их танхимд болж өнгөрлөө. 

Зөвлөгөөнийг Барилга, Хот  Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хэрэгжүүлсэн ажлаасаа гадна цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, барилгын салбарын хувийн хэвшлийн болоод мэргэжилтнүүд, инженерүүд, барилгачдын санал бодлыг сонсон, хэлэлцэж,  салбарын цаашдын бодлогыг тодорхойлох зорилготойгоор 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.

Уг зөвөлгөөнийг БХБЯ-ны сайд Х.Баделхан нээн үг хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ төрийн бус мэргэжлийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхний дуу хоолой, санал санаачилгыг төрийн байгууллагын ажилд тусгаж, шинэ технологи ба инновацийг энэ салбарт хөгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдсан юм.

Үргэлжлээд УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уншиж сонсгосны дараа  тус зөвлөгөөнд доорх сэдвийн хүрээнд илтгэл тавигдсан. Үүнд:

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн 

/Барилга, нийтийн аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт/

Сангийн дэд сайд  Х.Булгантуяа 

/Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө, оруулалт, төсвийн бодлогыг сайжруулах боломж/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр

/Барилгын салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого/

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан Орлогч дарга П.Баярхүү

/Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх бодлого/

БХБЯамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд

/Хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, хэрэгжилт/

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү

/Үндэсний орон зайн дэд бүтэц, хот байгуулалтын мэдээллийн санг хөгжүүлэх нь/ 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн

/Азийн хөгжлийн банкнаас 2018 онд барилгын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ/

БСШУСЯамны үйлдвэрлэлийн хэлтсийн Ерөнхий боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбулга

/Боловсролын салбарт 2018 онд барилга, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ/

“Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн барилгын зөвшөөрлийн хариуцсан мэргэжилтэн С.Цэвэгжав

/”Оюу толгой” гүний уурхайн бүтээн байгуулалт/

“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зохицуулагч Кишикава Шожиру

/Монгол улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх боломж/

Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа

/Ногоон санхүүжилт ба Барилгын салбар/

МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд

/Аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам/

МБНХолбооны Ерөнхийлөгч М.Батбаатар

/Барилгын салбарын сургалтын нэгдсэн тогтолцоо, цаашдын чиг хандлага/ болно.   

Зөвлөгөөний үдээс өмнөх болон үдээс хойшх хуралдааны явцад  хэлэлцүүлэг өрнүүлж , оролцогчдын санал хүсэлтийг сонсож, холбогдох  асуултад хариулах хэлбэрээр  үргэлжилсэнээр уг өдрийн зөвлөгөөн өндөрлөв.

Зөвлөгөөний үргэлжил болгон  салбар хуралдааныг  2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монголын архитекторуудын эвлэлийн байранд “Хот байгуулалтын салбарын хэлэлцүүлэг“ Барилгын хөгжлийн төвийн байранд “Нийтийн аж ахуйн салбарын асуудлаар хэлэлцүүлэг” , МҮХАҮТ-д “Барилгын   үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  танилцуулах уулзалт ” тус тус  үргэлжилж байна. 

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ