June 27, 2017
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ТББ-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТАЙЛАН

Хэзээ: 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 15:00 минут

Хаана: МБҮА-ийн Ажлын алба, М Плаза 1402 тоот

Уулзалтанд

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зүгээс: 

Н.Баярсайхан Тэргүүн дэд ерөнхийлөгч, Цаст Групп ХХК-ийн Захирал

Б.Нэмэхбаатар Дэд ерөнхийлөгч, Заг Групп ХХК-ийн Захирал

Д.Энхтөр Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрэлт Импекс ХХК-ийн Захирал

Д.Цэнд Удирдах Зөвлөлийн гишүүн, Гэрэгэ Групп ХХК-ийн Захирал

Н.Цогтоо Удирдах Зөвлөлийн гишүүн, Ти энд Жи ХХК-ийн Захирал

М.Батболд Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрчим Инженеринг ХХК-ийн Захирал

Г.Батсүх Удирдах Зөвлөлийн гишүүн, Барилга Эм Эн ХХК-ийн Захирал

Л.Хулан Гүйцэтгэх захирал

Б.Бямбажав Зөвлөх

М. Энхбаатар Салбарын бодлого, хамтын ажиллагааны асуудал хариуцсан менежер

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо ТББ-ын зүгээс:

Б.Жүгдэр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч 

С.Дотнобилэг  Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Гүйцэтгэх Захирал

Ц.Эрдэнэбат Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч 

А.Байгалмаа Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх Захирал тус тус оролцов.

Хэлэлцсэн асуудал: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо ТББ-ын хамтын ажиллагаа

Ц.Эрдэнэбат: Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны зүгээс Монголын Барилгын Үндэсний Ассоциацитай уулзалт зохион байгуулж нээлттэй хэлэлцэж ярилцах. болсон гол шалтгаан нь гэрээлэгч компаниудын хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, бодлогын шинж чанартай асуудлууд дээр харилцан ойлголцож нэгдмэл байр суурьтай болоход оршиж байна.

Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудал дээр Б. Нэмэхбаатар захирал бид хоёр нэг байр суурьтай байдаг. Мөн манай Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци дээр Сервис Центр гэсэн том төслийг бид хэрэгжүүлээд явж байна. Төсөл маань тодорхой хэмжээнд төр засгийн дэмжлэгийг аваад хэрэгжүүлэх шатандаа ороод явж байна. Энэ асуудал дээр холбоод хооронд хамтарч ажиллах, мэдээлэл солилцох шаардлага байгаа учраас өнөөдрийн уулзалтыг Монголын Барилгын Гүйцэтгэх Холбоо санаачлаад зохион байгуулъя гэж шийдсэн юм. 

Урьд нь Гүйцэтгэгч байгууллагуудын холбоо гэж байдаггүй байсан. Тус тусдаа Девелопмент байгууллагуудын холбоо, Инженерүүдийн холбоо гэж байсан. Ингээд барилгын гүйцэтгэгч байгууллагуудын эрх ашгийн хамгаалах үүднээс 2016 оны сүүлээр 18 байгууллага нэгдэж Гүйцэтгэгч байгууллагуудын холбоог байгуулсан. Бид барилгын салбарт угсралт хийдэг, гүйцэтгэл хийдэг өөрсдийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, удирдлагын шинэ схемийг бүрдүүлэх ажлуудыг хийж байна. 

                   

Б.Нэмэхбаатар: Б. Жүгдэр дарга бол барилгын салбарын хамгийн туршлагатай, сайн зохион байгуулагч хүн. Б. Жүгдэр даргыг байгаа болохоор энэ нилээн бодитой, цаашдаа хамтарч ажиллахад боломжтой гэж бодож байна. 

Тийм учраас шууд ажилдаа орьё. Сая гэр хорооллын дахин төлөвлөлтөнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум юань, Азийн хөгжлийн банкнаас эхний ээлжинд 80 сая ам.доллар, дараа нь 300 сая ам.долларыг тус тус зарцуулна. Эхнээсээ тендер зарлачихсан явж байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллахад ямар ч асуудал алга. Ерөнхийдөө барилгын салбарынхан төр засагтаа энэ чиглэлээр харилцан ажиллахад нэгдээд ажиллавал илүү их үр дүнтэй боловуу. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь яамны удирдлагын түвшинд хамтран ажиллаж олон ажлыг хэрэгжүүлээд байна. БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжын гэрээ хэлэлцээрийн шатанд дуу хоололйгоо сайн илэрхилэх, энэ чиглэлээр БХБЯ, ГХЯ, СЯ зэрэгтэй сайн хамтарч ажилах шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ энгэж чадвал тус буцалтгүй тусламж, зээлийн хүрээнд хийгэх ажилд орлцоогоо дээшлүүлж чадна. Тэгэж чадахгүй бол хятадын компанийн туслан гүйцэтгэгчээр л ажиллахад хүрнэ. 

Азийн Хөгжлийн Банкны хувьд зарлаж байгаа тендер нь Монгол компаниудын хүчин чадлаас давсан үзүүлэлтийг тавьж байна. Ийм нөхцөл байдалд аль болох хамтарч, нягтарч, нийлж ажиллах хэрэгтэй. Аливаа нэг асуудлаа Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн нэрэн доор явж, нэг Ерөнхийлөгчтэй, нэгдсэн том байгууллага болвол их сайн үр дүнд хүрэх байх гэж бодож байна. 

Ц.Эрдэнэбат: Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид өнөөдөр уулзаж байна. Томоохон асуудлуудаа хамтдаа шийддэг, зөвшилцдөг байя. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци толгойлоод явах нь зөв боловч бүүр нэгдэх асуудал дээр санал нэгдэхгүй байна. Барилгын салбарт бүгдээрээ бодлогоо нэг болгоё, нэг санал бодолтой болж авъя. Гүйцэтгэгч байгууллагуудын эрх ашиг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн хувьд ч Барилгын Инженерүүдийн холбооны хувьд ч тэр хаягдаад яваад байна. Гэтэл барилгын үйлдвэрлэлийн процессын 80% нь гүйцэтгэгч нарын оролцоотой байдаг. 

Д.Энхтөр: Бид барилгын салбарынхаа компаниуд, ажилчдын эрх ашгийг хамгаалсан, төр засагт дуу хоолойгоо хүргэх тал дээр 2009 оноос бүгд л чадах чинээгээрээ ажиллаж ирлээ.  Өнөөдөр олон улсын тендерт оролцоод явж байгаа компаниуд тун цөөхөн. Эв нэгдэлгүйгээсээ болоод томоохон компаниудад бут цохигдоод байгаа учраас нэгдмэл санаатай, хамтын ажиллагааны хэлбэрээр, төр засагт нэгдсэн дуу хоолойгоо хүргэдэг байя. Гүйцэтгэгч байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, боловсрол, норм, норматив, стандарт, хөдөлмөр аюулгүй хамгаалал зэрэг асуудал дээр ажиллах хэрэгтэй байна. 

Б.Жүгдэр: Барилгын салбарт 400-500 компаниуд байгаагийн 200 орчим компаниудыг бид төлөөлөн сууж байна. Үнэсний бүтээн байгуулалтын корпорацийн хувьд байгуулагдаад 2 жил гаруй хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн төсөл дээр ажилласан байна. Манай корпорацийн  компани танай Монголын Барилгын Үндэсний ассоцийн гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн хийж байна. Бид үүнийг буруу гэж огт үзэхгүй байна. 

Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны хувьд бол гадаад  улс орнуудад байдаг гүйцэтгэгч байгууллагуудын холбоотой хамтарч ажиллах юм бол сургалт, хөрөнгө оруулалт тал дээр сайн байх болов уу гэж боддог. Үндэсний Бүтээн байгуулалтын корпорацийн доор ажиллаж байгаа 100 гаруй  аж ахуйн нэгжүүдийг ямар нэгэн хэмжээгээр олон улсын жишигт хүрч ажиллах тэр байр суурийг нь бататгах менежментийг хэрэгжүүлэх, Бакалаврын дараах сургалтыг технологи талаас нь заах гэсэн ерөнхий чиг хандлага бидэнд байна. Бид Гүйцэтгэгч байгууллагуудын холбоондоо өөрсдийн салбарын ISO-ийн чанарын кредиттэй сургалтыг бий болгохыг зорьж байна. 

Барилга, хот байгуулалтын сайд Монголын Барилгын Үндэсний Ассоциацийг их сайшаан авч үзэж байгаа юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал бол их хүчээ авч байна. Энэ төсөл дээр нэгдсэн бодлогоор цогц үйл ажиллагаа явуулмаар байна. Энэ асуудлаар Д. Нямдаваа захирал бид хоёр санал нийлж байна. Үндэсний Бүтээн байгуулалтын корпораци өнөө жилийн хувьд 1-2 сервис центр дээр ажиллана.. Энэ дээр хамгийн зөв инженерийн шийдэл гаргаж ажиллах ёстой. Бохирыг нь яаж шийдэхэв, зуух нь ямар зуух байхав гэдэг дээр том судалгаа явж байна. Инженерийн бүх төлөвлөлтийг хийх боломжтой үүд хаалга бидэнд нээгдэж байна. Бодлогын шинж чанартай асуудлаа нэгтгэж, гэр хорооллын эрх зүйн актууд дээр маш зөв оролцон ажиллах ёстой. 

Дараагийн бид нарын хамтрах маш чухал зүйл бол барилгын салбарт олон улсын төсөл хөтөлбөрт оролцдог компаниудыг бэлдэх хэрэгтэй байна. Гаднаас ажиллах хүч аван нэг нөхөрт 10,000 ам.доллар өгдөгөө болимоор байна. Бид бүх ажлаа хийж чадна. Бакалавар, инженерээ маш сайн бэлдэх, олон улсын жишигт хүрсэн барилгуудыг барьдаг менежментийг монголчууд өөрсдөө эзэмшье. Энэ асуудал дээр ассоциацууд, томоохон барилгын компаниуд нийлж санаа оноогоо ярилцдаг, хийдэг баймаар байна.

Б.Нэмэхбаатар: Ирээдүйд хэрэгжих энэ төсөл дээр бүгдээрээ гар нийлэн хамтран ажиллах, прожект менежментийн сургалтыг эндээ хийн компаниудынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах, ISO-г авахуулах зайлшгүй шаардлагатай болсон байна. Одоохондоо манай барилгын компаниуд төрөлжсөн юм байхгүй, өөрсдөө барилгаа барина, зарж байна. Одоо харин чиглэл чиглэлээрээ нийлэн гэр хорооллын барилгажилтын төслүүд дээр эхнээсээ хамтраад ажиллая. Салангид явдаг, бүтээн байгуулалтад саад болдог зүйлээ арилган эхнээсээ дэд бүтцээ зөв зохион байгуулан нэгдсэн систем рүү орьё гэж сайд үзэж байгаа. 

Манай Заг групп ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд 100-гаад га газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх аваад ажилласан. Нэг компани битгий хэл нилээд хэдэн компани нийлээд хийхэд ч хүндрэлтэй их том ажил гэдэг нь харагдсан. Ийм учраас нэгдэж, хүчээ зөв хувиарлаж зохион байгуулж хийх хэрэгтэй.  

Н.Баярсайхан: Би Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо байгуулагдсанд талархан хүлээн авч байна. Манай барилгын салбарын төрийн бус байгууллагууд олон улсын жишиг рүү явж төрөлжиж дагнаж байгаагийн нэг хэлбэр. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь 2009 оноос хойш 8 жил тогтвортой, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Монголын барилгын салбарт, эрүүл бизнесийн орчинг бий болгох, салбарын таатай орчинг бүрдүүлэх тал дээр төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллах гэж байгаад таатай байна. Одоогийн төр засгийн алдаатай бодлогын нөлөөгөөр нийгэмд хор хохирол учруулдаг, олон олон компаниуд үүсдэг ийм асуудлууд байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгоё гэсэн бид бүхний ашиг сонирхол яг нэг цэг дээр таарч байна. Бид энэ асуудлаа ажил хэрэг болгох үүднээс хамтын ажиллагааны санамж бичиг гаргах, ажлын хэсэг байгуулах, ойрын, дунд хугацааны төлөвлөгөө гаргах ёстой байх. Мөн бид өөрсдийнхөө салбарыг улам хөгжүүлэхийн тулд гадныханд ажлаа алдаад байдаг төрийн алдаатай бодлогыг залруулах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээрээс эхлэн бүгдээрээ хамтарч ажиллая. Хаа хүрч болох газар болгонд хүрч ажиллая. Энэ уулзалтаараа байнгын хамтын ажиллагааны механизмийг бий болгох хэрэгтэй.

Г.Батсүх: Бид сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Энэ ажил бүх хүмүүст хамтарч ажиллахад нээлттэй шүү. Гүйцэтгэгч байгууллагуудын холбоо нь барилгын мэргэжлийн инженерүүдийг чадавхжуулах, компаниудыг ёс зүйтэй болгох, олон улсын түвшинд гарахад их чухал үүрэгтэй гэж харж байна.  

Н.Баярсайхан: Түр зуурын зах зээлийн өрсөлдөөний хувьд түр зуурын тоглогч нар их орж ирдэг юм байна. Үүнээс яаж сэрэмжлэх вэ?, худалдан авагч нарыг тогтвортой яаж ханган барих вэ?, хаашаагаа чиглэж ажиллах вэ гэдгээ маш сайн тодорхойлох ёстой. Ашиглалт үйлчилгээ, хөрөнгийн менежментийн асуудал өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд байхгүй байна. Гэтэл БНСУ-ын барилгын салбар сүүлийн 10 жил гол анхаарлаа барилгын гүйцэтгэлээс гадна явцын хяналт, ашиглалт үйлчилгээн дээр чиглүүлсэн учраас өнөөдөр ийм амжилтанд хүрсэн. Ирэх жилүүдэд уг асуудлууд дээр голлон анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Гэр хорооллын төсөл дээр 200 айл бүлэг болоод ороод ирж байгаа бол бүх ашиглалт үйлчилгээний зардлыг нь гаргах хэрэгтэй. Та олон жил ийм хэмжээний төлбөр төлнө гэдгийг нь эхлээд ойлгуулах хэрэгтэй. 

Н.Цогтоо: Сайд ажлаа авсныхаа дараа барилгынхантай уулзахдаа маш олон ижилхэн үйл ажиллагаа, зорилготой холбоонууд байна. Та бүхэн нэгдээд хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж хэлж байсан. Энд ирсэн төрийн бус байгууллагууд бид бүгд нэг зорилго, зорилттой байгаа учраас хамтран ажиллавал сайн байна. 

Д.Цэнд: Өнөөгийн нөхцөлд залуу боловсон хүчнүүдээ заавал чадамжуулах шаардлагатай тулгарч байна. Үүн дээр сургалтын байгууллага, дадлага, хууль эрх зүй зэрэг дээр идэвхжүүлээд холбоон дээрээ нэгтгээд цаашдаа ажиллах хэрэгтэй. 

Манай компанийн хувьд 78 ажилтантай, үйл ажиллагаандаа ISO 9000, 18000, 26000 стандартуудыг хэрэгжүүлээд ажиллаад болж байна. Бид цаашдаа хариуцлагажуулаад, стандартжуулаад явах бүрэн боломж байна гэж бодож байна. Монгол хүн би чадна, хятад хүн шавар зуурна, япон хүн төсөл бичдэг гэсэн энэ ойлголтыг өөрчлөхийн тулд том компаниуд нэгдэн өөрсдийн үнэ цэнийг тодорхойлох хэрэгтэй. Бизнес инкубатор хөгжүүлэлт талаас нь хөгжүүлдэг, ногоон хөгжил, ногоон барилга, олон улсын тендерт өрсөлддөг компанийн стандартын дагуу үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллая. 

Д.Энхтөр: БХБЯ урьд нь төрийн бус байгууллагуудын үгийг сонсож байсан түүх их ховор л доо. БХБЯ-ны сайд төсөл хөтөлбөрүүдийг Монголын Барилгын үндэсни ассоциациар дамжуулан хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа асуудал бол их нэр хүндийн асуудал гэж ойлгож байгаа. Үүн дээр нь бид гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, сургалт, барилгын салбарынхны хууль эрх зүйн мэдлэг, төлөвшил, олон улсын бодлогын чанарт нөлөөлж чадахуйц бичиг баримтуудыг гаргах, одоо төрийн бус байгууллагууд хамтарч ажилласнаараа салбарын маш таатай орчныг бүрдүүлнэ. Энэ орчныг бүрдүүлэх юм бол ажил бий болно, компаниудын чадамж нь ч сайжирна. 

Б.Нэмэхбаатар: Одоо эхний ээлжинд Санамж бичиг байгуулах, Ажлын алба хооронд 7 хоног болгон уулзах уу нэг ийм бүтэц механизмийг бий болгох хэрэгтэй. 

Ц.Эрдэнэбат: МБИХ, МБГХ, МББХ гэх мэт байгууллагуудыг бүгдийг нь МБҮА-ийн малгайн доор оруулъя. Нэг хэлээр яръя. Яамтай олон хэлээр яриад байгаа учраас бид нарын хийж байгаа зүйл хүчгүйдээд байна. Нэгдэхийн хувьд бол эволюцийн асуудал байх. Эхний ээлжинд хамтын ажиллагааны механизмийг бүрдүүлье. 

Бидэнд 3 хүсэл байна. Төрийн бодлогод нөлөөлөх, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Гүйцэтгэгчдийн Холбоод дотооддоо хамтарч ажиллах механизмийг бүрдүүлэх, лиценз шалгуур дээр бид нөлөөлөн оролцдог болох хэрэгтэй байна. 

Б.Жүгдэр: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци БХБЯ-тай их ойр ажлаад байгаа учраас ирээд хамтарч ажиллах асуудал ярьж байгаа гэж битгий ойлгоорой. Бид нэг рамтай, эхлээд технологийн талыг нь барьж авъя. Хөдөлмөр хамгаалал тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Бид бүх зүйлээрээ адилхан биш, нэг малгайн дор гүйж орох бол бишээ. Ер нь асуудлаа зөв тавиад явах хэрэгтэй. 

Өнөөдөр Монголын Барилгын Үндэсний Ассоциациас өөр дорвитой ажиллаж чадах төрийн бус байгууллага, холбоо байхгүй байна. Барилга, хот байгуулалтын сайд өөрөө салбарын хүн, бид нэг хэлээр ойлголцож байгаадаа их баяртай байна. Салбарын бодлогын талаар бид нийлж асуудлаа боловсруулж яам руу дуу хоолойгоо хүргэн нөлөөлөх хэрэгтэй. Эхлээд санамж бичгийн төсөл хийчихье. 

Б.Бямбажав: Хамтран ажиллах санамж бичгээ гаргая. Үүнийгээ барилгын салбарынхандаа мэдээлье. Дараагийн шатанд нь хамтарч ажиллах төлөвлөгөөгөө гаргая. Ажлын хэсэг байгуулан хоёр талаас Удирдах Зөвлөлийн тус бүр 2 хүнийг оролцуулаад төлөвлөгөөний төслийг боловсруулъя. Ажлын албаныхан сайн мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй. 

Ц.Эрдэнэбат: Манайхаас Ажлын хэсэгт Б.Жүгдэр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч, С.Дотнобилэг  Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Гүйцэтгэх Захирал, А.Байгалмаа Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэгч Захирал эдгээр хүмүүс оролцоно. Манай талаас энэ 7 хоногтоо багтаан Санамж бичгийн төслийг, ажлын төлөвлөгөөг бэлдье. 

Шийдвэрлэсэн нь:

1. Монголын Барилгын үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулах

2. Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах 

3. Хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах.

Үүгээр уулзалт 16:30 цагт өндөрлөв.  

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ