Герман-Монголын Бизнесийн Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь 2017 оны 6-р сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яаман дээр Герман-Монголын бизнесийн төлөөллүүдийн зуны хүлээн авалтыг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан, МБҮА-ийн УЗГ, Гандирс ХХК-ийн Захирал Ц.Эрдэнэчулуун, МБҮА-ийн УЗГ, Ультрасоник ХХК-ийн Захирал Б.Чимэгцэцэг нар оролцов.
Энэхүү арга хэмжээг нээж ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел болон ГМБЭХ-ны УЗ-ийн Дарга ноён Герхард Вакэнхут нар үг хэлэв. Уг арга хэмжээний үеэр “Герман-Монголын Шилдэг Төсөл – 2017” шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд МБҮА-ийн УЗГ, Ультрасоник ХХК нь “Агаарын бохирдлыг бууруулах – Эко төсөл”-өөр шалгарсан байна.
Герман-Монголын Бизнесийн Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)-ны товч танилцуулга.
ГМБЭХ нь анх Монгол улсад 1995 онд “Герман-Монголын бизнесийн зөвлөл” нэртэйгээр монгол, германы бизнес эрхлэгчид үүсгэн байгуулсан бөгөөд 2009 онд ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Пиус Фишерийн санаачлагаар холбоо болгон өргөжүүлсэн. Тус холбоо нь Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй, төрийн бус байгууллага бөгөөд сайн дурын дэмжигч болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн дэмжлэгтэйгээр 2011 оноос өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 оноос Холбооны улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Олон улсын шилжих хөдөлгөөн, хөгжлийн төв (ОУШХХТ)-ийн шугамаар Гүйцэтгэх захирлыг томилсноор холбооны үйл ажиллагааг удирдан явуулж байна. Одоогийн байдлаар тус холбоо нь 72 гишүүн байгууллагатай бөгөөд Европын холбооны улсуудаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том бизнес эрхлэгчдийн холбоо болно.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





