June 29, 2017
МОНГОЛ УЛСЫН БХБЯ-НЫ САЙД Г.МӨНХБАЯРТАЙ МБҮА-ИЙН ГИШҮҮН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙН УУЛЗСАН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цагт БХБЯ-ны Сайд Г.Мөнхбаяр нь МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан болон гишүүн компаниудын төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар МБҮА-д Барилгын Тусгай Зөвшөөрлийн улсын комиссыг  шилжүүлэн өгөх, БНХАУ-аас олгож буй 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зарцуулах, МБҮА-ийн гишүүн компаниудын 2 сая төгрөгөөс доош үнэтэй борлуулж буй орон сууцны жагсаалтыг нэгтгэж өгөх зэрэг асуудлыг ярилцав. 

Уулзалтанд МБҮА-ийн гишүүн компаниуд болох Эрин Интернэйшнл ХХК, Номин Констракшн ХХК, Грийн Ресурс Констракшн ХХК, Инел Компани, Асар Өргөө ХХК, Цагаан хуаран ХХК, ЧММ ХХК, Жигүүр Гранд ХХК-иудын төлөөлөл оролцов. 

БХБЯ-ны Сайд Г.Мөнхбаяр нь МБҮА-д “Тусгай зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлэн авах” асуудлыг тодорхой хэдэн шалтгаантай буюу гол зорилго нь цаашид барилгын компаниудтай Ассоциацаар дамжуулан нэгдсэн нэг шугамаар холбогдох, улсын хэмжээнд явуулах төсөл, хөтөлбөрүүд дээр хамтаар нь оруулах, нэгдсэн нэг гольдролд оруулах, нэг ойлголттой болгох, мэдээллийг Ассоциациасаа авч байх мэргэжлийн ТББ-тай болох зэрэгт оршиж байгааг онцолсон билээ. Иймээс барилгын компаниуд Ассоциацитай маш ойрхон ажиллах хэрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагаатай холбоотой гэрээнд өнөө маргаашгүй гарын үсэг зурж баталгаажуулах болно гэдгийг хэлэв. 

Түүнчлэн, МБҮА-ийн гишүүн компаниудын борлуулж буй орон сууцны үнэ ба байршил, хил гаалиар оруулж ирж буй ямар барилгын материалын үнийг хөнгөлж болох, энэ нь хэр тогтвортой байх, төр хөнгөлөлт үзүүлвэл барилгын компаниуд м2-ийн үнийг бууруулах боломжтой эсэх зэрэг асуудлаар санал солилцов. 

Уулзалтын үеэр сайд МБҮА-ийн гишүүн компаниудын 2 сая төгрөгөөс доош үнэтэй борлуулж буй орон сууцны мэдээлэл ба үнийн жагсаалтыг гаргаж өгөхийг хүсэв. 

Дараагийн асуудал болох БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юань буюу 700 тэрбум төгрөгийг БХБЯ нь гэр хорооллын дэд бүтэц рүү шилжүүлж байгаа тул дахин төлөвлөлтийн асуудалд оролцох компаниуд нь байршил, дахин төлөвлөлт, зураг төсөл зэрэг зүйлсээ бэлдчихсэн тохиолдолд төрөөс дэд бүтцийн асуудал дээр хамтран ажиллахад нээлттэй байгаа болно гэв. Мөн энэ 700 тэрбумын төгрөгийн хүрээнд Сервис центрийн тендерийг нээлттэй зарлах бөгөөд үүний дагуу компаниуд нээлттэй оролцож болно. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол дэд бүтэц нь шийдэгдсэн, ипотек нь шийдэгдэж байгаа, төлөвлөгөөтэй төсөл бөгөөд удахгүй Ерөнхий Сайдтай ипотекийн зээлийн асуудлаар ярилцах болно гэдгийг сайд бас хэлж байв. Тэгэхээр барилгын компаниуд болон төр тус тусдаа зардал мөнгөө өөр өөрсдийн хэмжээнд гаргаж байгаа тул иргэдийг дэмжих тал дээр банкуудтай уулзаж ипотекийн зээлийн асуудлыг ярилцах шаардлагатай байгаа гэв. Эдгээр зүйлийг олон улсын түвшинд шийдээд хэрэгжүүлэх гэж байгаа учир барилгын компаниуд Ассоциацаараа дамжуулаад сайн холбоотой байж, Ассоциаци, төр 2 өөрсдийн шалгуурыг тавьснаар энэхүү ажлыг цаашид хэрэгжүүлнэ. Тэгэхээр дахин төлөвлөлт ийм маягаар явагдах учир бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэв. 

Дээрх асуудлын хүрээнд сайд, гишүүдийн хооронд чөлөөт ярилцлага өрнөснөөр уулзалт өндөрлөв. 

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ