June 30, 2017
“УТААГ ХАМТДАА УСТГАЯ” ЧУУЛГАНЫ ТЭМДЭГЛЭЛ

Ариг банкны санаачлагаар 2017 оны 6 дугаар сарын 30-нд “Утааг хамтдаа устгая!” чуулган Блю Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулагдав. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI), Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Байгаль Орчны Аялал Жуулчлалын Яам, Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газар, Эрчим Хүчний Зохицуулах Хороо нар хамтран зохион байгуулж, энэ үйл ажиллагааг уриалан зохион байгуулав. Хэлэлцүүлгэнд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Ариг банк, Эрчим хүчний яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон уг чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулах технологи”, “Агаарын бохирдлын санхүүжилтийн нөлөө” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэв.

Чуулганы зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагууд болон судлаачдын туршлага, мэдлэгт тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах, устгах арга технологийг тодруулахад оршсон болно. 

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг хэлэхдээ: “аливаа улс орон ирээдүйнхээ хөгжлийг нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чиглүүлэх болсныг бид бүхэн мэдэж байгаа тул агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх бодитой үйл ажиллагааг тодорхой болгосон нэгдсэн бодлогыг боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн зэрэг бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв. Цааш нь тэрбээр хэлэхдээ агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна.  Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх ба үүний үр дүнд байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлэх болно. Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах нь бидний өмнө тулгарсан том сорилт болж байгаа бөгөөд гэр хорооллын утааг бууруулахаар утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн ч утаа гамшигийн хэмжээнээс буурахгүй байна. Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийн болон санхүүгийн шийдэл олоход 100 сая төгрөгийн сан бүхий уралдаант аянд идэвхитэй оролцохыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалж байна” гэв. Түүнчлэн, чуулганы хүрээнд барилгын салбарын дулаан алдагдал, хэмнэлттэй материал, технологийн шийдэл, ногоон барилгын шийдэл зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэв. 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ