July 4, 2017
ЯПОНЫ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН БАГТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТАЙЛАН

Японы Жайка Олон улсын байгууллагаас хүсэлт тавьсны дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л. Хулан, Салбарын бодлого, хамтын ажиллагааны асуудал хариуцсан менежер М. Энхбаатар нар Монгол улсын “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах” төслийн Багийн ахлагч Мишикава Койжуру, төслийн багийн Зөвлөх Фүжи Минору нартай уулзалт зохион байгуулав. 

Уулзалтаар Төслийн багийн ахлагч Мишикава Койжуру Японы Жайка Олон улсын байгууллагаас 2017-2021 оны хооронд 4 жилийн хугацаатай Монгол улсын “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Монгол улсын барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бөгөөд энэ хүрээнд МБҮА-тай хамтран ажиллах, төсөлд гишүүн байгууллагуудыг оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л. Хулан МБҮА-ийн талаар товч танилцуулгыг хийгээд манай Ассоциаци нь өмнө нь Японы Жайка Олон улсын байгууллагын “Өвсний үндэс” төслийн хүрээнд хамтран

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэл”-ээр хамтран төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд МБҮА-ийн дэргэд ХАБЭА клуб байгуулагдан ажиллаж байгаа, одоо хэрэгжүүлэх Монгол улсын “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудаа татан оролцуулахад таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Уг төслийн хүрээнд Монгол улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан төрийн байгууллагын албан хаагчид, барилгын салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженер, техникийн ажилчдыг хамтад нь зэрэг чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд онолын болон барилгын талбай дээрх практик сургалт, дадлага дээр тулгуурласан үйл ажиллагааг түлхүү авч хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр барилгын аж ахуйн нэгжүүдийн сайн туршлагыг хуваалцах, бие биенээсээ туршлага судлах боломжтой байх талаараа давуу талтай юм. 

Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чадавхи сайжирснаар барилгын технологи, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж сайжирснаар барилгын чанар дээшлэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

Ингээд уулзалтын үр дүнд, Монгол улсын “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Монгол улсын барилгын салбарын талаарх мэдээ, мэдээллийг цуглуулахад МБҮА-тай хамтран ажиллах, МБҮА-ийн хувьд шаардлагатай боломжит мэдээллээр хангах бөгөөд цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах тал дээр санал солилцов.

Гишүүд та бүхнийг Японы Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн Монгол улсын “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах” төсөлтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүсье.

Хүндэтгэсэн, 

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ