Монголын Барилгын Үндэсний ассоциацийн Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа тэргүүтэй ассоциацийн Удирдах зөвлөл, Ажлын албаны төлөөлөл, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монгол банкны төлөөлөлтэй 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БХБЯ дээр орон сууцны ипотекийн зээл олголтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардалагтай байгаа арга хэмжээний талаар санал солилцох уулзалтанд оролцлоо.
Уулзалтанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, тус газрын Ипотекийн зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батболд, Сангийн яамны хэлтсийн дарга н.Зоригтбаатар, Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Д. Баярдаваа, ахлах мэргэжилтэн н.Мөнхбаяр, Монголын Барилгын Үндэсний ассоциацийн Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Эрин интернэшнл ХХК-ийн Ерөнхий захирал Я.Эрхэмбаяр, Роял нью кэстл ХХК-ийн Дэд захирал н.Идэрхүү, Грийн рессурс констракшн ХХК-ийн Захирал Ц.Ганзориг, МБҮА-ийн Ажлын албаны Зөвлөх Б.Бямбажав, Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М. Энхбаатар, Маркетингийн менежер Б.Дөлгөөн нар тус тус оролцоо.
Уулзалтын эхэнд Монгол банкны Мөнгөний бодлогын газрын Захирал Д.Баярдаваа орон сууцны ипотекийн зээл олголтын өнгөрсөн 2016 оны сүүлийн 2 сарын нөхцөл байдал, энэ оны эхний 6 сарын тайлан мэдээллийг танилцуулаад энэ оны сүүл хүртэл олгох боломжит зээлийн талаар танилцууллаа.
Тэрээр 2016 оны 11 сард 56 тэрбум төгрөг, 12 сард 38,5 тэрбум нийт 94,5 тэрбум төгрөгийг Монгол банкнаас ипотекийн зээлийн санхүүжилт хийсэн. 2017 он гарснаар сар бүр 24-25 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт хийж байгаа бөгөөд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотой 5 дугаар сараас эхлэн Монгол улсын Засгийн газар төсвөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож, Монгол банкнаас зөвхөн бондын зээлийн эргэн төлөлтөөр орж ирж буй 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна. Энэ хүрээнд энэ 2017 онд төсвөөс 110 тэрбум, Монгол банкнаас 230-240 тэрбум төгрөгийн нийт 350 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотойгоор ирэх 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөрийн 100 хувь хариуцахаар болж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Монгол банк, Сангийн яамтай хамтран зээлийн схем боловсруулж байна гэлээ.
Сангийн яамны хэлтсийн дарга н.Зоригтбаатарын зүгээс дээр дурьдсан зүйлс дээр нэмж ирэх оны төсвийн үндсэн чиглэлд ипотекийн зээлд нийтдээ 360 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хэмжээний санхүүжилтээр одоогийн байдлаар 5000 гаруй зээлийг санхүүжүүлж байгаа бөгөөд шинээр боловсруулж буй схемээр энэ санхүүжүүлэх хэмжээг нэмэгдүүлэх 10,000-д хүргэхээр ажиллаж байна гэлээ.
Монголын Барилгын үндэсний ассоциацийн зүгээс барилгын аж ахуйн нэгжүүдэд ипотекийн зээл олголт зогссон, хэмжээ огцом буурсантай холбоотойгоор хүндрэлтэй байдал үүсээд буйг хэлээд, зээл олголт буурч эзэддээ хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь арилжааны банкнуудын буруу үйл ажиллагаа буюу Монгол банкны зүгээс арилжааны банкнуудыг шахаж ажиллахгүй байгаатай холбоотойг дуулгаж энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахыг шаардлаа.
Монгол банк, Сангийн яамны зүгээс дээрх асуудлыг ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ огцом буурсан, эрэлт их байгаагийн дээр арилжааны банкнууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэнтэй холбоотой гэсэн хариулт өгөв.
Уулзалтын төгсгөлд ипотекийн зээл олголтын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол банк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран Ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотой ипотекийн зээлийн шинэ схем боловсруулахад тус тус хамтран ажиллахаар шийдвэрллээ.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





