August 17, 2017
ӨМӨЗО-НЫ ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭД ДАРГА, ӨМӨЗО-ИЙН БООМТЫН АЛБАНЫ ДАРГА ГҮӨ ГАН-ТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын Дэд дарга, Боомтын албаны дарга Гүө Ган-тай МБҮА-ийн төлөөллүүд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтад БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг /Грийн ресурс констракшн ХХК/, Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, Зөвлөх Б.Бямбажав, Менежер Б.Дөлгөөн нар оролцсон бөгөөд талууд Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн үйлдвэржилтийг дэмжих, барилгын материалын импорт-экспортын цогцолборыг барих, мөн цаашид хамтын ажиллагаагаа  тэлэх боломжуудын талаар харилцан ярилцав. 

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын Дэд дарга, Боомтын албаны дарга Гүө Ган нь “ХОЁР ДАХЬ УДААГИЙН МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” арга хэмжээний зохион байгуулалтын асуудлаар Монгол Улсад  айлчлан ирсэн бөгөөд тэрбээр “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоё” санаачлагын хүрээнд “Хамтарч ажиллана, хамтдаа хожино” уриатай энэ удаагийн Экспо нь оролцогч талуудад харилцан ойлголцох, хамтран ажиллах гарц сувгийг нээх, бизнесээ өргөжүүлж холбоо тогтоох олон боломжоор хангагдах талаар дуулгав.

Тус арга хэмжээ нь 2017 оны 9 дүгээр сарын 26-30 ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх Хотын “Олон Улсын Үзэсгэлэнгийн Танхим”-д зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Худалдааны Яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо хамтран ажиллаж байна. Түүнчлэн,  Монгол-Хятадын Экспо, Худалдаа, Эдийн засаг, Соёлын нэгдсэн арга хэмжээ нь “Монгол Улс-БНХАУ-ын хооронд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай” хамтарсан тунхаглалын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалтын хэлэлцээр, бизнес уулзалт, хурал чуулган, үзэсгэлэн, Монгол-Хятадын олон улсын соёлын долоо хоног зэрэг 4 салбарын 22 үйл ажиллагаатайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын Дэд дарга, Боомтын албаны дарга Гүө Ган МБҮА-ийн гишүүдийг тус арга хэмжээнд урьсан бөгөөд Ассоциацийн зүгээс энэ жилийн Экспо-д туршлага судлах зорилгоор зочин статустай оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болно. Тэрбээр, энэ арга хэмжээний үеэр барилгын салбарын албан ёсны үйл ажиллагаа хэдийгээр явагдахгүй ч Монгол Улсын БХБ-ын Сайд Г.Мөнхбаярыг Хөх хотод айлчлахтай холбогдуулан тусгайчилсан хөтөлбөр гарган ӨМӨЗО-ны Барилга, хот байгуулалтын газар болон салбарын холбогдох төрийн ба төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийхэнтэй уулзалт зохион байгуулж хамтран ажиллах санал тавьснаар уулзалт өндөрлөв.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ