June 9, 2017
ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ-ИЙН “ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ” ТӨСЛИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТЫН МЭДЭЭ

МБҮА-ийн Ажлын албаны зүгээс Ассоциацийн гишүүн болон Ажлын албаны ажилтануудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2017 оны 6 дугаар сард Европын Сэргээн Босголтын Банкнаас “Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах төсөл”-ийн тендерийг зарласаны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн өгч оролцсон билээ.

МБҮА-ийн Европын Сэргээн Босголтын Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт илгээсэн тендерийн материалыг судалж үзсэний дагуу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр МБҮА-ийн Ажлын албаны төлөөллийг урьж уулзалт-ярилцлагыг зохион байгуулав.

Уулзалт-ярилцлагад МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М.Энхбаатар нар оролцсон бол Европын Сэргээн Босголтын Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ЖДҮ-ийн Санхүүжилт, хөгжлийн группын Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний Тэргүүлэх менежер С.Байгалмаа, ажилтан Д.Дэмбэрэлмаа, Зөвлөх багийн MIRIM-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нар оролцов.

Уулзалтын эхэнд Европын Сэргээн Босголтын Банкны зүгээс МБҮА-ийг төсөлд хамрагдах хүсэлт ирүүлсэнд талархаад өнөөдөр Монгол улсад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 240 гаруй төрийн бус байгууллага, холбоодууд байгаагаас манай тендерийн зарын дагуу 40 гаруй төрийн бус байгууллагууд төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд бид ирүүлсэн материалтай танилцаад 24 төрийн бус байгууллагыг эхний ээлжинд сонгож ярилцлаганд урьж байгаа бөгөөд ярилцлагын үр дүнд 10 төрийн бус байгууллагыг сонгож энэхүү төслийг 1 жил 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх тухай мэдээллийг өгөв.

Уулзалт-ярилцлагын хүрээнд МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан хэлэхдээ: манай МБҮА нь Европын Сэргээн Босголтын Банкнаас урьд өмнө нь “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах-2015” төсөлд хамрагдаж амжилттай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд өөрийн байгууллагын “Стратегийн бизнес төлөвлөгөө”-г боловсруулан батлуулсан бөгөөд үүний үр дүнд жил бүр өөрийн төлөвлөгөөг уг “Стратегийн бизнес төлөвлөгөө”-ний дагуу боловсруулан одоог хүртэл амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа, түүнчлэн БХБЯ, НЗДТГ зэрэг төр захиргааны байгууллагуудтай Санамж бичиг, гэрээг байгуулан хамтран ажиллаж байгаа зэргийг дурдав.

Цааш нь тэрбээр хэлэхдээ, танай банкнаас хэрэгжүүлэх төслийн 2 дугаар үе шатны болох “Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрт манай МБҮА хамрагдах маш сонирхолтой байгаа нь 1 дүгээр үе шатны төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл нь өөрийн үр өгөөж үр дүнгээ өгсөн тул дараагийн үе шатны төсөлд хамрагдахад аль хэдийнээ сууриа тавьчихсан тул цаашид байгууллагын болон гишүүн компаниудын засаглалыг сайжруулахад нэлээн их ач холбогдлоо өгнө гэдэгт бид итгэлтэй байгаа гэв.

Түүнчлэн, манай байгууллага нь гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдээсээ авсан судалгаа, тэдгээрээс ирүүлсэн хүсэлт зэрэг дээр үндэслэн дараах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг дурдав. Үүнд:

1. Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын албаны ажилтануудыг чадавхижуулах

2. Ажлын албаны зүгээс өөрийн гишүүн байгууллагуудад үзүүлэх үйлчилгээний төрөл, чанар, цар хүрээ, хүртээмжийг дээшлүүлэх

3. Гишүүн байгууллагуудын бизнесийн стратегийг боловсруулах, дотоод болон олон улсын тендерт оролцох чадавхийг нэмэгдүүлэх

4. ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд нь туслах зэрэг болно гэв.

Дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр гишүүн байгууллагуудад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилснээр гишүүнчлэлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх, орон нутагт өөрийн салбарыг байгуулж хүрээгээ тэлэх, бичил, жижиг, дунд компаниудыг чадавхижуулан эгнээндээ элсүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсын барилгын салбарын хөгжил дэвшил хувь нэмрээ оруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ба тогтворжуулах, сайн засаглалыг хөгжүүлэх төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хууль, эрх зүйн орчинд шинэчлэлийг хийхэд нөлөөлөх, гишүүдийн чадавхийг сайжруулах, барилгын салбарын зах зээлийн тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой юм гэдгийг илэрхийлээд тус төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв.

Европын Сэргээн Босголтын Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын албаныхан болон зөвлөх үйлчилгээний багаас энэхүү төслийн хүрээнд дараах 3 зорилтуудыг тавьж буйгаа илэрхийлэв. Үүнд:

1. Татвараа тогтмол төлж буй гишүүдийн тоог 50 хувиар нэмэгдүүлэх

2. Холбооны стратеги төлөвлөлтийг чанаржуулах буюу нэг зорилтыг сонгож бүрэн хэрэгжүүлэх

3. Холбооны зүгээс гишүүд олон нийтэд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг 65 хувиар нэмэгдүүлэх зэрэг болно.

Улмаар Европын Сэргээн Босголтын Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын албаныхан болон зөвлөх үйлчилгээний багаас тавьсан зарим тодруулсан асуултанд хариулт өгч барилгын салбарын ижил төстэй төрийн бус байгууллагуудаас ялгарах онцлог давуу тал, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн татвар хураамж, санхүүгийн талаарх зарим мэдээллийг өгөв.

Уулзалтын төгсгөлд Европын Сэргээн Босголтын Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын албаныхан болон зөвлөх үйлчилгээний багаас энэхүү төслийн хүрээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй гадны зөвлөх баг ажиллах бөгөөд тус зөвлөх багаас эцэслэн төсөлд хамрагдах төрийн бус байгууллагыг сонгох бөгөөд төсөлд хамруулах эсэх эцсийн хариуг 2017 оны 9 дүгээр сард багтан гаргах болно гэв.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ