August 14, 2017
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА-ЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Монголын Бизнесийн Зөвлөлөөс зохион байгуулсан хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтад МБҮА-ийн ПР, Маркетингийн асуудал хариуцсан ажилтан Б.Дөлгөөн оролцов. Энэхүү уулзалтад манай улсын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл бүхий 270 гаруй хүн оролцов.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ уулзалтыг зохион байгуулж буй Монголын Бизнесийн Зөвлөлийхөнд талархал илэрхийлэн мэндчилээд энэ уулзалт нь түүний хувьд анхны уулзалт болж байгааг дурдаад дараах асуудлуудыг ярив. Үүнд:

– Бизнесийн орчны талаар: Бизнесийн гадаад, дотоод орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хумигдсан бизнесийн орчинг томруулах, мөн гадаад худалдааны талаар санал ихээр ирж байна. Нэгдсэн гадаад бодлоготой болно. Бизнес бол судалгаан дээр хийгддэг тул гадаадын хөрөнгө оруулагч нар энд сууж байгаа учир энэ асуудлыг хамгийн эхэнд та бүхэнд танилцуулж байна. 

– Эдийн засгийн талаар: Хөрөнгөжсөн дотоод эдийн засгийг дэлгэрүүлэх тухай хэлэлцэнэ. 

– Гурван удаа Улсын Их Хуралд, хоёр удаа Засгийн газарт ажиллаж байсан туршлага, судалгааны талаар: Зам тээврийн сайдаар 4 жил ажиллаж байхдаа 21 аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холбох зураг төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийлгүүлсэн, Замын-Үүдээс-Алтанбулаг хүртэлх 1,100 км хурдны автозамын зураг төслийг хийлгэж баталгаажуулсан нь бизнес эрхлэгчдийг судалгаагаа сайн хийж байх ёстой.

– Том төсөл болох төмөр замын төслийн талаар: Далайд гарцгүй орны хувьд төмөр замын төсөл чухал бөгөөд 2010 онд Улсын Их Хурлаар оруулснаар энэхүү асуудлыг батлуулсан бөгөөд энэ нь Монгол оронд нийтдээ 3 хөндлөн төмөр зам буюу Орос, Монгол, Хятадыг холбосон 5,000 орчим км төмөр замын төсөл юм. Үүний 1,800 км орчимд нь төмөр замын зураг төсөл, судалгааг хийлгэсэн байна. Мөн 31 аймгийн төвүүдийг холбох зураг төслийн ажлыг эхлүүлсэн нь Баянхонгор аймгаас эхэлсэн. 

– Орон сууцны асуудлын талаар: 100,000 айлийн орон сууцны ажил эхэлж байгаа бөгөөд дагуул хот, Майдар хот зэрэг 400 мянган орчим айл амьдрах шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулах гэж байгаа нь Германы өндөр түвшний архитекторчидаар зураг төслийг хийлгүүлсэн нь хөрөнгө оруулахад бэлэн байна. 

– ХАА-н салбарын талаар: Энэ салбар бол хамгийн том бөгөөд орхигдсон салбар юм. Бид мах, ноос, ноолуур зэрэг зүйлсээ борлуулж чадахгүй байна. Тиймээс ХАА-н салбарыг уул уурхайн салбартай эн зэрэгцүүлэн гаргаж ирэх зорилготой байна. Жил бүр 10 сая ширхэг арьс, шир түүхий эдийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхий эдээр нь экспортолж байна. Арьс, шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчидаар хийлгүүлсэн. Нийтдээ 300-400 сая ам.доллараар жилдээ 10 сая ширхэг арьс, ширийг Европ руу руу гаргах бэлэн төсөл байна. Өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал байна гэснээр яриагаа өндөрлөөд асуулт хариулт руу оров. 

Асуулт 1:  Бүрэн эрхийнхээ хугацаанд татварын асуудлыг хэрхэн авч үзэх вэ, энэ бол бизнесийн орчинд маш чухал тул энэ асуудлыг хэрхэн авч үзэх вэ?

Хариулт: Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид нар тогтворгүй, нөгөө талаас дотоодын хөрөнгө оруулагчид нараа дэмжихгүй байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нарыг дэмжихийн тулд эдийн засаг тогтвортой, тодорхой байх хэрэгтэй. Хөгжсөн орнуудын стандартад нийцэхийг бизнесийхэн хүсч байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд энэ татварын асуудлыг тогтвортой болгох хэрэгтэй байна. Монголын Бизнесийн Зөвлөл гэдэг шиг ТББ-ууд их хүчтэй дуу хоолойтой байх хэрэгтэй. Эдгээр мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг ашиглах хэрэгтэй байна. Мөн манай Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хүчтэй байх хэрэгтэй. 

Асуулт 2:  Монгол Улсын харилцааны гол асуудал гаалийн татварын бэрхшээл гэж онцлон тэмдэглэжээ. Энэ нь улс орны худалдааг хязгаарлаж байна. Гарах гарц байгаа юу? Евро-Азийн бүстэй Чөлөөт Худалдааны Бүс байгуулах тал дээр саналаа хэлээч. 

Хариулт: Бид хоёр гүрний дунд байдаг хэдий ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зарж чаддаггүй. Энэ нь гаалийн татвартай холбоотой. Үүнийг хоёр хөршдөө бага татвартайгаар борлуулъя гэсэн бодлого баримталж байгаа хэдий ч  асуудал байна. Евро-Азийн Зөвлөлд Монгол Улс нэгдэх тал дээр Засгийн Газар болон Гадаад Харилцааны Яамтай судалгаа хийж байна. 

Асуулт 3: Монгол Улсын макро-эдийн засгийг юу гэж бодож байна. Монгол Улсын эдийн засаг хэзээ сэргэх вэ?

Хариулт: Бизнесийн орчин бол хумигдмал байгаа бөгөөд эдийн засаг бол сэргээд унасан зүйл байхгүй гэж үзэж байгаа хэдий ч сэргээ ч үгүй, унаа ч үгүй нөхцөл байдалтай байна. Бизнесийн орчин бол 20-иод жил унтаа байдалтай байлаа. Нүүрсний үнэ өсөхөөр Монголын эдийн засаг сэргэлээ гэж ярьдаг, эсрэгээрээ унахаар Монголын эдийн засаг уналаа гэж ярьдаг. Тийм учраас макро сэдэв бол байхгүй бөгөөд Монголын эдийн засаг унасан, сэргэсэн гэхээсээ илүүтэйгээр нүүрсний үнэтэй холбоотой бөгөөд сэргэнэ гэж найдаж байна. 

Асуулт 4. Ерөнхийлөгчийг гадаад айлчлалын хуваарь тодорхой болсон уу? Айлчлалааар ямар асуудлыг хөндөх вэ?

Хариулт: Гадаад айлчлалаа ярилцаж байгаа бөгөөд хоёр том гүрэн болох хөршөөсөө эхлэх бөгөөд хамгийн эхний айлчлал 9 дүгээр сарын 4-нөөс 9 дүгээр сарын 8-ны хооронд болох валютын урсгалын форум нь Ази-Номхон Далайн орнуудын Төрийн тэргүүнүүдийн хэмжээнд болох бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр бүртгэл хийгдэж байгаа бөгөөд энэ уулзалт нь нээлттэй юм гэв. 

Асуулт 5: Хятад улсын санаачилсан “Бүс ба зам” төслийн талаар санал бодлоо хэлнэ үү?

Хариулт: “Бүс ба зам” бол Евро-Азийг холбосон маш том төсөл юм. Азийн Дэд Бүтцийн Хөгжлийн Банкаар дамжуулан 600 тэрбум гаруй төгрөг гарсан төсөл байгаа. Дэд бүтэц гэдэг том зүйл нь өөрөө ажлын байрыг бий болгодог. Өнөөдөр Зүүн-Ази бол дэлхийн эдийн засгийн 30%-ийг эзэлдэг бөгөөд энэ нь манай улстай их ойр байгаа тул бизнесийнхэнд маш хэрэгтэй байгаа. 

Асуулт 6. Гадаад бодлогын талаарх нэгдмэл бодлоготой байна гэж та хэлж байна. Та Их аварга Д.Дагвадоржийг Япон Улс дахь өөрийн бие төлөөлөгчөөр томилсон. Үүнтэй холбоотой ЭСЯ-ны томилгоонд өөрчлөлт гарах уу? Мөн Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр таны бодол ямар байдаг вэ, ямар асуудлаар нэмэлт өөрчлөлт хийвэл зүгээр вэ? Мөн Ерөнхийлөгчийн эрхийн талаар саналаа хэлнэ үү?

Хариулт: Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад бодлого гэдгийн нэг хэсэг нь Асошёору Их аврага-ын гаргасан нэр хүнд, Японы үндэсний бөхийн аварга гэдэг утгаар нь томилсон юм. ЭСЯ-ны үйл ажиллагаатай давхардахгүй бөгөөд үүнд санаа зовох зүйлгүй. Үндсэн хуулийн тал дээр олон зүйл яригдаж байна. Шинэ үндсэн хууль батлагдаад 25 жил болж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын Гишүүн Д.Лүндээжанцан болон Тамгийн газартай уулзсан. Зөвхөн албан тушаал дээр үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэх эсвэл ард түмний эрх ашгийг хамгаалсан үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх гэсэн асуудлуудыг л хөндсөн байна. 

Хариулт 7: Монголын сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчийг экспортлох талаар ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл ямар байгаа вэ, та өөрийн саналаа хэлээч? 

Хариулт: Эрчим хүчний сэдэв бол өөрөө их сонирхолтой сэдэв. Одоогоор бол нүүрсний эрчим хүчийг их ашиглаж байна. Бас атомын цахилгаан эрчим хүч өргөн хэрэглэгдэж байна. Сэргээгдэх эрчим хүчний  нар, салхины хувьд Европ талдаа Испани сайн туршлагатай юм билээ. Америк, Испанийн талтай энэ талаар уулзаж байсан. Манай хувьд зайлшгүй дэмжих ёстой сэдэв юм. Бид хаашаа экспортлох вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. Хятад, Орос бол өөрсдөө эрчим хүч экспортлох сонирхолтой, харин Японы хувьд атомын, нүүрсний цахилгааны эрчим хүчний гэсэн том үүсгүүртэй байгаа. Манай хувьд нар хамгийн их тусдаг газар бол Говь-Алтай аймаг байдаг. Энэ бол том асуудал учир тусгайлан хэлэлцье. Миний хувьд дэмжиж ажиллана. 

Асуулт 8: Татварын ихэнхийг бүрдүүлж байгаа компаниудад ачаалал, шалгалт, торгууль их байдаг. Авилгал их байна. Үнэнч шударгаар явахад хэцүү болсон. Монголын уул уурхай биш, уураг тархиа ухах хэрэгтэй гэж боддог. Нэхий үнэгүй байна. Монгол брэндийг үүсгэхийн тулд нилээн их зүйл хийнэ гэж найдаж байна. 

Хариулт: Хонины нэхий 500-600 төгрөг болсон. Энэ бол мартагдсан хөдөө аж ахуйн салбарын жишээ юм. Цөөхөн компаниудын гарт эдийн засаг байна. Бид Солонгосоос валютаар худалдаж авдаг түргэн хоол л гэхэд 1,500 төгрөг байгаа бөгөөд 3 нэхий 1 гоймонгийн үнэд ч хүрэхгүй байгаа бодит байдал байна. Дээр хэлсэнчлэн, Испанийн компанитай уулзаад 1 арьсны үнийг 300 ам.доллар хүргэх ТЭЗҮ хийлгүүлсэн. Жилд 10 сая арьс боловсруулах боломжтой гэж ярьсан бөгөөд энэ тоо өшөө нэмэгдэх бөгөөд үүний 9 сая нь богийн арьс юм.  Нэг ширхэг арьс жилд хамгийн багадаа 300 ам.доллар гээд бодоход 2,7 тэрбум ам.долларын нэмүү өртөг шингэсэн бараа болохоор тооцоологдож байна. Уул уурхайгаас илүү уураг тархи нь дээр гэдэг нь зөв, үүн дээр мөн бодлогын л зүйл бас яригдана. 

Асуулт 9:  Канадын ЭСЯ-наас оролцож байна. Спортын дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр та ямар бодлого баримтлах вэ?

Хариулт: Монгол Улс их олон жилийн түүхтэй, нүүдэлчин соёлтой ард түмэн. Нүүдэлчин аж ахуй, соёл гэдэг нь өөрөө тухайн хүн ямар ч орчинд дасан зохицохийг хэлнэ. Спорт бол миний хамгийн сайн мэддэг сэдэв бөгөөд спорт, урлаг бол дипломат харилцаанаас илүү ард түмнийг нэгтгэдэг. Канад Улсын ЭСЯ-тай уулзаад хамтарсан холбоо байгуулаад танайхыг үндэсний бөх дээр дэмжлэг үзүүлэх тал дээр, та бүхэн манайд үндэсний хоккей дээр дэмжлэг үзүүлэх тал дээр хэлэлцэж байсан. Тиймээс Монгол хүйтэн орон учир энэ салбарт амжилт гаргах боломжтой. Монголд өвөл болдог мөртлөө одоо болтол цагаан хуудсаар Өвлийн олимпод оролцож байна. Энэ нь илүү ард түмний харилцааг өргөжүүлнэ. Жишээ нь: Асашёору Д.Дагвадорж бол хоёр орны бодит холбоо болж байгаа юм. Үүн шиг бусад улс оронтой хамтрах боломжтой бөгөөд спортын дэд бүтэц дээр ажиллана. 

Асуулт 10:  Хамгийн чухал салбар бол уул уурхайн салбар юм. Бусад салбаруудаа уул уурхайтайгаа зэрэгцээ авчрах таны санал чухал, гэхдээ уул уурхайг бодлогын түвшинд гадны хөрөнгө оруулагчид нартай хэрхэн холбох вэ?

Хариулт: Уул уурхайн салбарыг мэдээж дэмжинэ, гэхдээ хөрөнгө оруулалтын стандартын гэрээ хэлэлцээр байх хэрэгтэй. Уул уурхайн салбарын болгоомжлол нь юу вэ гэхээр асар их мөнгө яригддаг учир авилгалын асуудал тавигддаг. Энэ тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Стандартыг л хэрэгжүүлэх тал дээр бодлого барина гэв. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн уулзалтанд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга урилгаар ирсэнд баярласнаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. 

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ