Энэ 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт манай МБҮА-иас тавьсан хүсэлтийн дагуу БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газраас “Сервис центр” төслийн талаарх мэдээллийг өгөх, санал солилцох уулзалт зохион байгуулагдав.
Уулзалтанд БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, мэргэжилтэн Э.Батболд, н.Билгүүтэй нар оролцсон бол МБҮА-ийн зүгээс Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Нэмэхбаатар, Б.Хүрэлхүү, Удирдах зөвлөлийн гишүүд болох Грийн ресурс ХХК-ийн Захирал Ц.Ганзориг, Эрэлт импекс ХХК-ийн Захирал Д.Энхтөр, МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, Зөвлөх Ц.Бямбажав, Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М.Энхбаатар нар оролцов.
Уулзалтаар БХБЯ-аас НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй “Сервис центр” төсөл, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нөхцөл, МБҮА-д хэрхэн төсөл хэрэгжүүлэх эрхийг олгох талаар товч мэдээлэл хийв.
БХБЯ-ны өгсөн мэдээлийн хувьд гэвэл БНХАУ-ын Засгийн газраас олгож буй 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг 50 ширхэг “Сервис центр” барьж байгуулахаар төлөвлөн Засгийн газраас шийдвэр гарсан байна. Эхний ээлжинд 48 “Сервис центр”-ийн байршлыг Засгийн газрын тогтоолд тусгаад байгаа бөгөөд тус 48 байршлаас МБҮА-д 30 хүртэлх байршилд төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах, хамтран ажиллахаар шийдвэрлээд буйгаа хэлээд тус төсөл хэрэгжүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулиар шийдвэрлэхийг мэдээлэв.
Мөн “Сервис центр”-ийн төслийн хүрээнд дан ганц “Сервис центр” бариад зогсохгүй төсөлд хамрагдаж буй 200 нэгж талбарын иргэдийн хашаанд инженерийн дэд бүтцийг оруулах, төслийн сонгосон талбай дахь тохижилтыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь хариуцах ёстой бөгөөд иргэдийг хашаа, байшингийн нөхцлөө сайжруулахад нь зориулж Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдэв.
Дээрх мэдээллийн дагуу уулзалтанд оролцсон МБҮА-ийн удирдлагуудын зүгээс зарим тодруулгыг авсны дээр дараах зүйлсийг анхаарч шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Үүнд:
1. “Сервис центр”-ийн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой болгох
2. “Сервис центр” төслийн ажлын даалгаврыг нарийн тодорхой болгох, төслийн хүрээнд хийгдэх ажлын төсөв тооцоог нарийн гаргаж одоо батлагдаад буй төсөвт тодорхой суулгах
3. “Сервис центр” төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах барилгын аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, шалгуурыг тодорхой нарийн болгох буюу босгыг өндөр тогтоох замаар төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжоор бүрдүүлэх зэрэг болно.
Дээрх саналыг уулзалтанд оролцсон БХБЯ-ны зүгээс бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд дээрх асуудлыг шийдвэрлэх тал дээр МБҮА-тай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Ингэснээр уулзалтын үр дүнд “Сервис центр” төслийн дүрэм, журам, Ажлын даалгавар боловсруулахад МБҮА-ийн Ажлын албаны зүгээс хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж ажиллахаар тус тус шийдвэрлэв.
Уулзалтын дараа уулзалтанд оролцсон МБҮА-ийн Дэд ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүдэд “Сервис центр” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг МБҮА-ийн Ажлын албаны Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М.Энхбаатар хийв.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





