Монгол Улс дахь Монгол-Австралийн Худалдааны Танхим (AustCham Mongolia)-ын “Мэргэжлийн эскпертүүдтэй” уулзах уулзалт 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Пүрэв гаригт Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд Австралийн Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдав. Уулзалтыг Австрали Улсаас Монгол улсад суух Элчин сайд, ноён Жон Лангтри нээв. Тус уулзалтанд Ази дахь санхүүгийн зах зээл дээр манлайлж буй Macquarie Capital-ийн Дэд дарга болон Дэд бүтцийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний асуудал хариуцсан Гүйцэтгэх дарга ноён Жон Уалкер-ыг урьж зочноор оролцуулан Азийн зах зээл хөрөнгө оруулагчдыг юугаар татаж байгаа болон эдийн засгийн шинэчлэл хийж буй Монгол Улсад ямар боломжууд байгаа талаар илтгэл хийв. Уулзалтын илтгэлийг хавсаргав.
Ноён Жон Уалкер өөрийн илтгэлдээ Монгол Улсын хувьд дараах бодлогын гол санаачлагууд дээр анхаарах нь чухлыг зөвлөв. Үүнд:
• Эдийн засгийг төрөлжүүлэх, импорт-экспортын чухал боломжуудыг санал болгож буй худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах
• ГШХО-ыг болон бизнес эрхлэх, бизнесийн итгэлийг нэмэгдүүлэх шинэ хууль тогтоомж, зөвлөлүүдийг бий болгох
• Мөнгөний болон валютын ханшийг уян хатан бодлогоор дэмжин худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалд түлхэц өгөх
• Ур чадварын зөрүүг нөхөхийн тулд боловсролын байгууллагуудтай хамтран хөгжүүлэх/хамтран түншлэх
• Сэргээгдэх эрчим хүч болон дэд бүтэц (тээвэр, нийгмийн)-ийг хөгжүүлэхийг дэмжих Засгийн газрын санаачилга
• Төр-хувийн хэшлийн түншлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг оролцуулсан төрийн өмчийг хувьчлах зэрэг болно.
Монгол Улс дахь Монгол-Австралийн Худалдааны Танхим (AustCham Mongolia)-ын товч танилцуулга.
Монгол Улс дахь Монгол-Австралийн Худалдааны танхим (AustCham Mongolia) нь Австралийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тус танхим нь Монгол дахь Австралийн Консулын газар, Австралийн Худалдааны комисс (Austrade)-тэй сайн харилцаатай байдаг бөгөөд Засгийн газраасаа хараат бус ажилладаг ашгийн бус байгууллага юм. Өөрийн гишүүддээ Монгол Улсад шинээр бий болж буй үйл явдлын талаар, эдийн засагт амжилттай ажиллахад шаардагдах мэдээ, мэдээллээр хангаж хэрэгцээтэй харилцаа үүсгэх, холбоо барих боломжийг олгодог юм.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





