Монголын Эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаан Төрийн ордонд 2015 оны 4 дүгээр сар 02 – ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эдийн засгийн форумын хуралдаанд: Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны, Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Жамбаажамц, Монголын барилгын үндэсний ассоциаци, салбарын эксперт В.Лувсанчүлтэм, Заг Девелопер ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Нэмэхбаатар, Монгол Гров Группын Ерөнхий захирал Harris Kupperman нар панелистаар оролцов.
Хуралдаанаар барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар хөндөн ярилцсан бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Монгол улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин”, Монголын барилгын үндэсний ассоциаци, салбарын эксперт В.Лувсанчүлтэм “Орон сууцны зах зээлд өгөөжтэй хөрөнгө оруулалтын туршлага” сэдвээр тус тус илтгэл тавив.
Барилга, хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар илтгэлдээ 8%-ийн зээл үргэлжлэх зээлийн урьдчилгаа төлбөр болох 30% байсныг 10% болгож, Засгийн газрын зүгээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргах мөн 8%-ийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80ам метр талбай гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгох тухай Засгийн газрын, салбарын баримталж байгаа байр суурийг танилцуулав.
Урьдчилгаа 30%-ийн төлбөр төлөн ипотекийн зээлд хамрагдан орон сууц худалдан авах чадваргүй иргэдэд нээлттэй боломж бүрдэж байгаа нь барилгын салбараа ч дэмжсэн, ард түмэндээ хэрэгтэй чухал дэвшил болж буйг онцлон тэмдэглэлээ.
Хурлын төгсгөлд нь сайд ”Улс орондоо итгэж, хөрөнгө оруулалт хийцгээе” хэмээн уриалав.





