Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албаны болон МБҮА-ын төлөөлөгчид, барилгын салбарын бизнесийн төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийлээ.
Тус айлчлалын хүрээнд Сингапур Улсын Үндэсний хөгжлийн Тэргүүн дэд сайд, Үйлдвэр худалдааны Тэргүүн дэд сайд Ли И Шян Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчдийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзалт хийв. Энэхүү уулзалтаар Монгол Улс хотжилт, бүтээн байгуулалтыг өрнүүлж буй энэ үед иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлого, хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох чиглэлээр Сингапурын талтай хамтрах, тус улсын туршлагыг судлах улмаар Монголын салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, бэлтгэх талаар санал солилцов.
Айлчлалын удаахь өдрүүдэд албаны болон бизнесийн төлөөлөгчид Сингапур Улсын Үндэсний хөгжлийн яамны харъяа байгууллагууд болох Орон сууц ба хөгжлийн зөвлөл /HDB/, Хот дахин төлөвлөлтийн удирдах газар /URA/, Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар /BCA/, Сингапурын хөрөнгийн бирж, Сурбана Интернэйшнл Консалтинг компаниудтай уулзалт хийж, Сингапурын бүтээн байгуулалтын сор болсон барилга байгууламжуудаар зочилж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Тус айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Ли Ка Шин танхимд зохион байгуулагдсан Монгол-Сингапурын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулагдсан дугуй ширээний уулзалт байв.
Уг уулзалтыг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нээн Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, улмаар Монголын Үндэсний Барилгын Ассосиацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал тэргүүтэй барилгын салбарын төлөөлөгчид илтгэл тавьсан нь тус танхимд цугласан Сингапурын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.





