January 6, 2026
МБҮА ТББ НЬ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УЛААНБААТАР ХОТ БОЛОН ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭГДСЭН, ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ нь 2025 оны 12 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт Оролцогч талуудын нэгдсэн арга хэмжээ болон Спортын нөхөрсөг өдөрлөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод мөн Оролцогч талуудын нэгдсэн арга хэмжээг тус тус амжилттай зохион байгуулснаа товч дурдъя.

📌Барилгын чанар, барилгын эрчим хүч хэмнэлтийн олон талын үр нөлөөний талаар оролцогч талууд хэлэлцлээ

“Хэмнэлтийг хэвшил болгоё”, “Дулаалаад хэмнэе, хэмнээд аялъя”, “Эерэг барилга” нэг цэгийн үйлчилгээ… Эдгээр нь нэгдсэн арга хэмжээнд оролцогчдын дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санаанууд юм.

Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг дахь “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг 30 гаруй байгууллагын нийтдээ 100 орчим төлөөлөл оролцсон Нэгдсэн арга хэмжээнүүдийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч М.Энхбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр: “Талууд нягт уялдаатай хамтран ажилласнаар олон салбарт эерэг өөрчлөлт гарч, улс орны хөгжилд түлхэц болно” гэдгийг онцолсон.

Арга хэмжээний үеэр барилгын чанар, барилгын эрчим хүч хэмнэлтийн талаар баримталж буй бодлого, барилга дулаалах нөхцөл шаардлага, ирэх онд хэрэгжүүлэх ажлууд зэрэг мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дархан дахин төлөвлөлт ААТҮГ болон Жэрэс ОУТББ-ын төлөөлөл тус тус оролцогчдод өгсөн юм. Түүнчлэн барилгын чанараа сайжруулж, үйл ажиллагаандаа эрчим хүч хэмнэлтийг нэвтрүүлснээр гарсан үр дүнгийнхээ талаар дээрх хот, аймгийн хүндэт зочид туршлагаа хуваалцлаа.

Барилгын салбарынхан шинэ, дэвшилтэт техник технологи ашиглан чанартай барилга барьж, барилгадаа эрчим хүч хэмнэлтийг нэвтрүүлснээр бид бүгд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэн, өрх айл, албан байгууллага, улс орны түвшинд тодорхой зардлууд буурч, тэр хэрээр боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэн, амьдралын чанар дээшилнэ гэдэг нэгдсэн саналыг талууд гаргалаа.

Ийнхүү оролцогч талуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион, азтан шалгаруулж, төслийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж буй Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг дахь төслийн дулаалгын зөвлөхүүд, барилгын салбарын бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулсан юм.

📌Дарханы оролцогч талууд спортын хөгжөөнт төрлүүдээр нөхөрсгөөр өрсөлдөв

“Спортын нөхөрсөг өдөрлөг”-өөр “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг Дарханы дулаалгын зөвлөхүүд, Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар, Дархан дахин төлөвлөлт ААТҮГ, Дархан политехник коллеж болон Жэрэс ОУТББ-ын төлөөллүүд нь багуудад хуваагдан оролцсон.

Оролцогчид хөгжөөнт буухиа, хөгжилтэй волейбол, олс татах гэсэн 3 төрлөөр нөхөрсгөөр өрсөлдөж, эхний гурван байранд шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, барилгын багажаар урамшуулав. Мөн танин мэдэхүйн болон “Дулаан шийдэл II” төслийн талаар мэдлэг, мэдээллийг сорих зорилгоор “АХА” тэмцээнийг явуулж, ялагчдыг дээрхтэй адил байдлаар шагналаа. Ийнхүү Дарханы оролцогч талууд нөхөрсгөөр өрсөлдөхийн сацуу харилцаа, хамтын ажиллагаагаа тэлсэн үр дүнтэй байлаа.

📌Нээлттэй өдөрлөгөөр байгууллага, салбарынхаа үйл ажиллагааг сурталчлан таниулав

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-аас 2025 оны 12 дугаар сарын 20-нд “Дулаан байшиндаа тухтай өвөлжье” уриатай иргэд, олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг Дархан-Уул аймагт зохион байгуулсан.

Энэхүү өдөрлөгт МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл II” төслийн нэгж болон тус аймаг дахь МБҮА ТББ-ын Салбар зөвлөлийн төлөөлөл хамтран байгууллага болон салбарын зөвлөл, төслийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, 100 гаруй иргэдэд мэдээлэл өгөв.

Өдөрлөгт мөн МБҮА ТББ-ын гишүүн, “Дулаан шийдэл II” төслийн дулаалгын материал нийлүүлэгч “Эко ноос” ХХК оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ