December 19, 2025
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ, АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

✅Монгол Улсын их хурлын гишүүн Б.Пунсалмаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын их хурлын тогтоолын төслийг санаачилан өргөн барих гэж байгаа бөгөөд уг төсөлд санал авахаар холбогдох төрийн байгууллагууд, төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2025.12.18-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

✅ Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа сүүлийн 3 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд юуны улмаас он дамжин шилжиж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарж буй тайлан, судалгааг танилцуулснаар эхлүүллээ. Тухайлбал 2022-2025 оны хооронд яам тус бүр дээр олон он жилийг дамжин дуусаагүй төсөл хөтөлбөрийн дүнг харуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй төсөл хөтөлбөр зогссон бөгөөд үүний 252 нь Боловсролын яам дээр харъяалагдаж байгаа судалгааг харуулсан юм.

✅ Хэлэлцүүлгийн үеэр СЯ-ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал зураг төсөв нь шаардлага хангахгүй, иж бүрэн бус, улмаар зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэргүй байхад хийлгэдэг, төлөвлөлт нь холбогдох хууль журмын шаардлагыг бүрэн хангадаггүй, чанар муу, гүйцэтгэл дутуу, хийгээгүй ажилд санхүүжилт олгодгыг дурдаад төсөл, арга хэмжээний хяналт сул, ашиглалт хангалтгүй байгаа талаар онцолж улмаар Сангийн яамнаас ногоон, шар, улаан үнэлгээг гаргаж эрсдлийн төвшинг тодорхойлж буй тухайг онцоллоо. Цаашид тус яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж буйг мэдээллээ.

✅Харин Үндэсний аудитын газрын Ю.Энхтуяа: аудитаар илэрч буй нийтлэг алдаа, зөрчлийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөх тогтолцоо алдагдсан, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төлөвлөсөөр байгааг дурдлаа. Мөн төсөл, арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэх аргачлал, шалгуур үзүүлэлт хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй, тодорхойгүйгээс нэн шаардлагатай төсөл, арга хэмжээ төлөвлөгдөхгүй орхигдож байгааг дурджээ.

✅Хэлэлцүүлэгт МБҮА ТББ-ын гишүүн Я.Батцэцэг, Монгол улсын гавъяат барилгачин Л.Шагдаррагчаа, Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Авлигагүй барилга НҮТББ-ын тэргүүн Н.Чинзориг болоод улсын төсвийн санхүүжилтээр төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд барилгын тухай хуульд өөрчлөлт шинэчлэлт хийх замаар норм нормтивын санд өөрчлөлт оруулах, тарифыг зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг олон улсын төслийн удирдлагын тогтолцоонд нийцүүлж тогтолцоог өөрчлөх, төсвийн төлөвлөлт, хяналтыг хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ рүү шилжүүлж байж өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах талаар саналуудаа тус тус уламжиллаа.

✅Улмаар хэлэлцүүлгийг төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа талуудын өгсөн санал, зөвлөмжүүдийг эрэмбэлэн тогтоолын төсөлд тусган цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа тусгахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ