МБҮА ТББ нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран төвийн бүсийн барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулан БАРИЛГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАБЭА-ын сургалт ба “БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ”-сургалтыг 2025.11.20-ны өдөр зохион байгуулж сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер, ХАБЭА-ийн сургагч багш Ч.Чинзориг болон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр хэрхэн авах тохиргоо зааварчилгааг МБҮА ТББ-ын мэргэжилтэн Г.Гантүвшин нар танилцууллаа.
МБҮА ТББ нь салбарын түншлэгч ТББ-уудтай хамтран ХББОСЯ-тай “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг 5 дахь удаа гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсноор ААНБ, хуулийн этгээдүүдэд ямар өөрчлөлт бий болоод байгаа талаар танилцуулж нөхцөл шаардлагын талаарх мэдээллийг өглөө.
Мөн сургалтын дараагийн гол сэдэв болох барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н урьдчилан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлдэггүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж байгаа юм.
Иймд энэхүү сургалтаар барилгын салбарын ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцүүлсэн байх ёстой юм, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдөж ажиллах вэ, ямар аюул эрсдэл учрах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар хууль эрхзүйг баримтлан ажиллах вэ гэдгийг салбарын удирдах ажилтнууд болоод ИТА нарт хүргэлээ.
Сургалтын үеэр ХАБЭА-ийн олон улсын жишиг, стратеги төлөвлөлт, анхаарах талаар суралцагчид асууж өөрсдийн ажлын байр дээр гараад байгаа кейс, баримтыг хэрхэн шийдвэрлэх, юуг ажлын талбай дээрх осол гэж үзэх, хууль эрх зүйн хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын байр дээр осол эндэгдэл гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарах зэргээр харилцан ярилцаж, мэргэжлийн багшаас зөвлөмж, зөвлөгөө авсан ач холбогдолтой сургалт боллоо.





