Монгол Улсын эрчим хүчний салбар буюу Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-д дулааны тоолуур угсрагчаас инженер, Инженерийн албаны дарга хүртэл дэвшин ажиллахдаа дулааны хангамжийн систем, эрчим хүчний хэмнэлт, төслийн удирдлагын чиглэлээр өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан Агиржавын Эрбар нь Австралийн Royal Melbourne Institute of Technology University (RMIT) буюу Мельбүрний Технологийн Их Сургуулийн Тогтвортой эрчим хүчний магистрийн хөтөлбөрийг 2021 онд Австралийн Засгийн газрын Australia Awards тэтгэлэгээр суралцаж төгссөн байна. Австралийн Засгийн газрын Australia Awards-ын мастерын сургалтын тэтгэлэгт хамрагдан сурсан мэргэжлээрээ амжилт гаргаж буй төгсөгчдийнхөө бүтээлийг нийтэлдэг ttps://australiaawardssouthasiamongolia.org сайтад нийтлэгдсэн А.Эрбарын тухай нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.
Тэрээр RMIT-д суралцсан жилүүддээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч хадгалах систем, тогтвортой барилгын гүйцэтгэлийн талаар гүнзгий мэдлэг олж авахаас гадна Австралийн өрхийн хэрэглээнд нарны эрчим хүч ашиглах хөтөлбөрийн туршлагыг судалж, 3.7 сая өрх аль хэдийн нарны цахилгаан системтэй болсон амжилт нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бага чадлын нарны систем суурилуулах бизнесийг ухаалагаар дэмжсэн бодлого зэргээс суралцаж авчээ.
Гол нь өрхийн нарны систем нь цахилгаан хуримтлуургүйгээр хэт их суурилагдсанаас үүдэлтэй сүлжээний тогтворгүй байдал үүсэх, өдрийн цагаар илүүдэл эрчим хүчний үйлдвэрлэл бий болох зэрэг сөрөг үр дагаварыг Монголдоо давтахгүй байхыг сануулж байгаа юм.
“Монгол Улсад өрхийн нарны цахилгаан системийн хөгжил дөнгөж эхэлж байгаа тул Австралийн туршлагаас суралцан, эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэртэй, төлөвлөгөөтэй хөгжлийг хэрэгжүүлэх том боломж юм” хэмээн Эрбар онцолжээ.
Австралид олж авсан мэдлэг туршлага дээр үндэслэн А.Эрбар нь Монгол улсын эрчим хүчний хуулийн шинэчлэлийн багт зөвлөхөөр ажиллаж “ӨРХИЙН НАРНЫ ЦАХИЛГААН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ БОДЛОГО-ын талаар танилцуулан хамтран ажиллаж байна. Энэхүү шинэчилсэн хууль хэрэгжвэл төрөөс айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч хуримтлуур бүхий нарны цахилгаан системийг урамшуулах, ухаалаг сүлжээ болон эрчим хүчний хэмнэлттэй сууцны шийдлийн уялдаа холбоог хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байгаа аж.
АЖЛЫН ТУРШЛАГА БА НИЙГМИЙН САНААЧИЛГА
Австралид суралцсаны дараа А.Эрбар “MCS International LLC”-ийн “Оюу Толгой” гүний уурхайн Хүдэр дамжуулах систем болон шугам сүлжээ суурилуулах төслийн барилгын Ахлах мэргэжилтэнээр ажиллаж, гүний уурхайн барилга угсралт, инженерчлэл, гүйцэтгэл, чанарын хяналтын тал дээр өргөн туршлага хуримтлуулжээ.
Тэрээр дулааны инженерийн хувьд бие даан суралцаж Олон улсын Мэргэшсэн Пассив Хаусын Зөвлөх/Дизайнер болсон ба өөрийн үүсгэн байгуулсан зөвлөх үйлчилгээний хүрээнд тэрээр Улаанбаатарын өвлийн хамгийн том агаарын бохирдлын шалтгаан болох нүүрсний зуухыг халж, эрчим хүч хэмнэлттэй, байгальд ээлтэй сууцыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахаар ажиллаж байна. Түүний зорилго бол нарны эрчим хүч, цахилгаан хуримтлуур, пассив хаусын зарчмыг нэгтгэсэн дэвшилтэт орон сууцны загварыг Монголд нутагшуулах явдал юм. “Нарны эрчим хүч, цахилгаан хуримтлуур, бага эрчим хүчний хэрэглээтэй барилгын зарчмыг хослуулснаар Монголын орон сууцны салбарт шинэ үеийг эхлүүлэх боломжтой. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, айл өрхийн эрчим хүчний зардлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой шийдэл” гэж тэр хэлжээ.
ЗАЛУУСЫГ УРАМШУУЛАХ “ЗАЛУУ УДИРДАГЧИЙН ШАГНАЛ”-ЫГ ӨӨРӨӨ БИЙ БОЛГОСОН
2024 онд Эрбар анх ажлын гараагаа эхэлж 15 жил ажилласан байгууллага болох Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-д Young Leadership Award буюу “Залуу удирдагчийн шагнал”-ыг санаачлан бий болгосон ба энэхүү шагналыг жил бүр өөрийн зардлаар санхүүжүүлэх бөгөөд 35 хүртэл насны залуу ажилчин, инженер, менежерүүдийг хамрах ба баг удирдах чадвар, манлайлал, шинэлэг сэтгэлгээ болон өөрийгөө хөгжүүлэх чадвараар бусдаасаа ялгарсан ажилтнуудыг урамшуулах, тасралтгүй суралцах соёлыг дэмжих зорилготой юм.
Хэдийгээр тэр одоо тус компанид ажилладаггүй ч энэ санаачилгыг өөрийг нь төлөвшүүлж, мэргэжлийн замналынх нь үндэс болсон байгууллага болон хамт олондоо талархалаа илэрхийлэх нэгэн хэлбэр гэж үздэг.“Залуусыг дэмжих нь Монголын ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тогтвортой хөгжлийг хангахын тулд анхан шатны түвшинд хүчирхэг, шинэлэг удирдлагууд зайлшгүй хэрэгтэй” хэмээн тэр хэлжээ.
ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО- МОНГОЛД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БУЮУ БАГА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Австрали улсын Куинсланд мужийн Вулгуру группд Төслийн менежерээр ажиллаж байгаа А.Эрбарын урт хугацааны зорилго бол Монголд эрчим хүчний хэмнэлттэй буюу бага эрчим хүчний хэрэглээтэй барилгын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Тэрээр Австралийн нарны эрчим хүчний туршлага болон олон улсын пассив хаусын жишээн дээр тулгуурлан, төрөөс үзүүлэх оновчтой бодлого ба дэвшилтэт барилгын стандартуудыг хослуулах замаар уур амьсгалд ээлтэй, тогтвортой амины сууцны хөгжүүлэхийг зорьж байна.





