МБҮА ТББ нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтран барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулан ХАБЭА-н хууль тогтоомж, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт болон байгууллагын ХАБЭА -н чадварын мэдлэг олгож чадавхижуулах, болзошгүй осол эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар БАРИЛГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАБЭА СУРГАЛТ-ыг 2025.10.23-ны өдөр зохион байгуулж сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер, ХАБЭА-ийн сургагч багш Ч.Чинзориг хийлээ.
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаатай холбогдуулан барилгын салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг асуудал олноор гарч байна. Улсын хэмжээнд барилгын салбарт сүүлийн 5 жилд 180 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 39,4 хувь нь өндрөөс унах, бүдрэх, хальтрах, 16,6 хувь нь эд зүйлд хавчуулагдах, 16,1 хувь нь унаж байгаа эд зүйлд цохиулах гэсэн хүчин зүйлээс хамаарч байна. Иймд бид цаашдын үйл ажиллагаандаа ХАБЭА-ийг сахин баримтлах, хэрэгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал байгааг онцолсон юм.
Харин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Энхбаатар: МБҮА ТББ, Барилгын хөгжлийн төвтэй хамтран энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж байна. ХАБЭА гэдэг маань хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг ханган ажиллах хамгийн эхний дүрэм бөгөөд барилгын салбарт ажиллаж байгаа олон зуун ажилчин, албан хаагчдын хувьд ХАБЭА-ийг сахин хэрэгжүүлж ажиллах томоохон салбарын нэг гэдгийг чухалчилж, цаашид л уламжлал болгон сургалтыг явуулна гэдгээ уламжиллаа.
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнхи аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н урьдчилан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлдэггүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж байгаа юм.
Иймд энэхүү сургалтаар барилгын салбарын ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцүүлсэн байх ёстой юм, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдөж ажиллах вэ, ямар аюул эрсдэл учрах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар хууль эрхзүйг баримтлан ажиллах вэ гэдгийг салбарын удирдах ажилтнууд болоод ИТА нарт хүргэлээ.
Сургалтаар ХАБЭА-ийн олон улсын жишиг, стратеги төлөвлөлт, анхаарах талаар суралцагчид асууж өөрсдийн ажлын байр дээр гараад байгаа кейс, баримтыг хэрхэн шийдвэрлэх, юуг ажлын талбай дээрх осол гэж үзэх, хууль эрх зүйн хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын байр дээр осол эндэгдэл гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарах зэргээр харилцан ярилцаж, мэргэжлийн багшаас зөвлөмж, зөвлөгөө авсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





