Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулах Ажлын хэсэг дахин шинэчлэгдэж бүрэлдэхүүнд МБҮА ТББ орж идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Барилгын ерөнхий хуулийн төсөлд өгсөн саналаас 6 нь тус хуульд орохоор тусгагдаад байгаа.
Тус Ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2025.10.14-ны өдөр Хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд болсон бөгөөд хурлаар Барилгын ерөнхий хуулийн үзэл баримтлалын төслийн зарчмын саналууд дээр нэмэгдээд Магадлал, Улсын комисс, Захиалагчийн хяналт зэрэг төр дангаараа гүйцэтгэдэг үүргийг зөвлөх үйлчилгээгээр, норм нормативийг эрдэм шинжилгээний байгууллагаар боловсруулуулах нь мэргэжлийн өндөр түвшинд, шударга, хараат бус зарчмын дагуу, хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангах нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдлээ. Мөн төсөв, үнэ бүрдлийн талаарх асуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо.
Мөн Барилгын ерөнхий хуулийн үзэл баримтлалын талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг ирэх 11-р сард багтаан хийж улмаар 12 сар болон ирэх оны эхний улиралд багтаан багцлан хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөлөө.





