МБҮА ТББ нь дүрмийн дагуу гурван жилдээ БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАН-аа хийдэг уламжлал, соёлтой байгууллага бөгөөд 2025.06.20-ны өдөр ээлжит чуулганаа хийж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монгол Улсын эдийн засагт нөлөөлж түүний дотор барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт огцом уналт бий болсон хүнд цаг үед санаа сэтгэл нийлсэн хэдэн нөхөд нийлж хямралыг хэрхэн бага хохиролтой даван туулах, түүний төлөө нэгдэж хамтарч ажиллах зорилгоор МБҮА ТББ-ыг анх байгуулж байсан түүхтэй юм. Ингээд тус байгууллагын үүсгэн байгуулагч нарын нэг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханы ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Таны хувьд тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах түүхэн цаг мөч тохиогоод байна. Тиймээс хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлсэн ажлаас тань яриагаа эхлүүлье?
Миний хувьд энэ байгууллагыг 2009 онд анх үүсгэн байгуулалцахдаа барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, хууль эрх зүйн шинэчлэл хийх, тус салбарын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, гишүүдийн чадавхыг сайжруулах, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалах, үндэсний болоод олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бий болгохын төлөө төдийгөөс өнөөдрийг хүртэл сэтгэл санаа болоод санхүүгийн хувьд дэмжиж ажиллаж ирлээ.
Өнгөрсөн 2022 онд миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласнаас хойш:
НЭГДҮГЭЭРТ ДОТООД ШИНЭЧЛЭЛТ-БАЙГУУЛЛАГЫН БЭХЖИЛТ дээр анхааран удирдлагын арга барил, хандлагаа шинэчилж, стратегийн чиглэлийг тодорхойллоо.
-МБҮА ТББ-ын хийж гүйцэтгэж байгаа ажил, бодлогоос салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсныг бүгд л харж байгаа. Төртэй ойлголцож ажиллана гэдэг олон жилийн уйгагүй хамтын ажиллагаа, итгэл, хүлээн зөвшөөрөгдөх байдал гээд олон зүйл нөлөөлдөг. Та бүхний хувьд?
Тэр мэдээж байлгүй яахав. Энэ байгууллагад 16 жилийн туршид хамтдаа зүтгэсэн манай Нийт гишүүдийн дэмжлэг, Ажлын албаны хичээл зүтгэл гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
ХОЁРДУГААРТ хийсэн томоохон ажлууд болох ТӨРИЙН БОДЛОГО-ХАМТЫН АЖИЛЛАГАА-ны хүрээнд “Хүннү” (Шинэ зуун мод) төслийн загварчлалыг санаачлан Засгийн газраар батлууллаа. Монгол Улсын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Шинэ зуун мод” хотын төлөвлөлтийн “Ажлын хэсэг”-т орж төслийн загварыг танилцууллаа. Төвлөрлийг сааруулахын тулд Дагуул хотыг бий болгох, хөгжүүлэхэд Засгийн газрын байруудыг хэсэгчлэн нүүлгэх оновчтой шийдэл гэсэн санааг Монгол Улсын Засгийн газрын 2022.06.10-ны өдрийн хуралдаанаар ТОГТООЛ гарган баталгаажуулав. Уг төслийг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн бий болгох төслийн загварчлалыг гарган хамтран ажиллахыг илэрхийллээ.
Мөн үндэсний бүтээн байгуулалтад дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ба Нийслэлийн ЗДТГ-тай хамтран, томоохон төслүүдэд дотоодын компаниудыг оролцуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж хамтран ажиллаж эхлэв.
Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах алхам буюу гадаадад ажиллах хүчний татварыг 50%-иар бууруулах шийдвэрийг гаргуулж, олон зуун ажилтныг хамруулав. Уг шийдвэрийг гаргуулахын тулд 16 удаагийн олон нийтийн нөлөөллийн аян зохион байгуулсан байна.
Мөн дараагийн томоохон ажил болох барилгын материалын ТЭЭВЭР-ЛОГИСТИКИЙН ТӨВ байгуулах ажлыг эхлүүллээ. Тээвэрлэлтийн зардлыг бууруулж, нийлүүлэлтийн тогтвортой байдал хангах бүсийн дэд бүтцийн төслийг эхлүүлсэн.
Бидний төртэй хамтран хэрэгжүүлдэг Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж, ТӨР-ХУВИЙН ТҮНШЛЭЛИЙН ЖИШИГ тогтоолоо. Энэ ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх саналыг олон жил тавьсны үр дүнд 2018 оноос гэрээ байгуулж нийт 4 удаа, сүүлийн 3 жилд буюу 2023 онд 2 жил, 2025 онд 3 жилээр тус тус сунгуулав. Одоо уг зөвшөөрлийг www.license.mn системээр, цахимаар олгож эхэлсэн МОНГОЛ УЛСЫН АНХНЫ БАЙГУУЛЛАГА боллоо. Энэ ажлаараа бид төрийн чиг үүргийг хувийн хэвшил гүйцэтгэх сайн туршлага болж, DOING BUSINESS индексээр Дэлхийн улс орнуудаас 29-д эрэмбэлэгдээд байна.
-Та анх энэ байгууллагыг байгуулахдаа салбартаа битгий хэл Монгол Улсад тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болгоно гэж томоор мөрөөдсөн тань эдүгээ биеллээ олсон шиг ээ?
Өмнө нь ч энэ талаар нэг бус удаа дуугарч байлаа. Бидний хэдэн нөхөд үндэсний болоод олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болгоно оо гээд эхлүүлсэн ажил маань эдүгээ биеллээ олж байгаад Ерөнхийлөгч хүнийхээ хувьд баяртай байгаагаа нуугаад яахав. Өнөөдөр манай МБҮА ТББ нь ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛ–ийн хувьд Азийн ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын (IFAWPCA)-тай идэвхтэй хамтран ажиллаж, салбарын оролцоог өргөтгөхөөс гадна тус байгууллагын Удирдах зөвлөлд хоёр удаа сонгогдож, Улаанбаатар хотноо анхны чуулганыг зохион байгуулсан. Мөн IFAWPCA-ийн дэмжлэгийг авч батлан даалт гаргуулан Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (FIDIC)-ийн “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН” болж сургалт, чадавхжуулалт, орлого бүрдүүлэх эрх нээгдэж, олон улсын түншлэлд шинэ боломжууд нээгдлээ. БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINCA)-тай хамтын ажиллагаа өрнүүлж, хөрөнгө оруулалтын шинэ гарцыг нээлээ. Уг ажлын хүрээнд ирэх 08-р сард “CHINCA & Mongolia” форумыг Улаанбаатарт зохион байгуулах, B2B уулзалтууд хийх, хөрөнгө оруулалт татах суурийг тавиад байна. БНХАУ-д болдог XVI удаагийн Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын чуулганы үеэр IIICF/MACAO олон улсын платформд Монголыг албан ёсоор танилцуулсан нь зүй ёсоор анхаарлыг татаж чадлаа. Мөн МБҮА ТББ нь дэргэдээ Монголын нөхцөлд тохирсон маргаан шийдвэрлэх “Барилга, дэд бүтцийн олон улсын арбитр”-ыг байгуулаад байна.
-Анх үүсэн байгуулагдаж байсан үеэ өнөө үетэй харьцуулахад ялангуяа сүүлийн гурван жилийн ололт, амжилт чамгүй байсныг таны ярианаас мэдэж авлаа. Хүний хийснийг ажлаас нь гэдэг үг ч бас байдаг?
Баярлалаа. Мэдээж ажил хийнэ гэдэг багагүй бэрхшээл, сорилтуудыг даван туулдаг нь хаана ч байдаг л зүйл. Миний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд ГИШҮҮДЭЭ ДЭМЖИХ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮ-г тогтвортой байлгахын тулд багагүй хүчин чармайлтыг баг хамт олныхоо хамт хийж гүйцэтгэлээ. Гишүүдийн тоо 120% өсөж, 276 гишүүнтэй болохоос гадна Орхон, Дархан, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт салбаруудаа байгууллаа. Санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгийн чадавхыг нэмэгдүүлэх буюу хуримтлалын данс нээж, мөнгөн хадгаламжтай болж дансны бэлэн мөнгөний үлдэгдэл эрс өслөө. “Хувийн эрх ашиг хоёрдугаарт, нийтийн эрх ашиг нэгдүгээрт” гэсэн үнэт зүйлийг төлөвшүүлж, хамтын хүчийг эрхэмлэдэг шинэ соёл бий болгоход гар бие оролцож ажиллалаа. Эндээс дүгнээд хэлэхэд МБҮА ТББ бол галдаа түлээтэй, гадаадад түнштэй, дотоодод эв нэгдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, өнөр айл боллоо. Энэхүү хөгжлийн замналын түүчээ нь та бүхний дэмжлэг, итгэл байлаа. Хамтдаа зүтгэсэн бүх гишүүд, хамтрагчиддаа гүн талархал илэрхийлье!
Танд баярлалаа
Б.Төвшинболор





