Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь 2025.06.20-нд болох “БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАН VI”-ыг угтаж “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ +AI” сургалтыг Гишүүн байгууллагууд болоод салбарынхандаа зориулан 2025.06.17-ны өдөр зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд барилгын салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ингэснээр зардал бууруулах, хугацаа хэмнэх, чанарыг сайжруулах зэрэг олон давуу талыг үзүүлээд байна. Барилгын салбарынхан дунд зураг төслийн салбарынхан AI-г өргөн хүрээнд хэрэглэх болсон бөгөөд BIM (Building Information Modeling) буюу барилгын мэдээллийн загварчлалд хиймэл оюун ухаан ашиглан барилгын зураг төслийн алдааг эрт илрүүлж, шийдэл санал болгодог болсон нь тухайн барилга алдаатай баригдахаас урьдчилан сэргийлж төсөв болоод зардлыг маш ихээр хэмнэж байна.
Түүнээс гадна барилга байшин барих газрын мэдээллийг хиймэл дагуул, дрон, IoT төхөөрөмжөөс авч, барилга барих хамгийн тохиромжтой байршлыг тодорхойлох, архитектур дизайн, барилгын үйл явцын удирдлага буюу төслийн хуваарийг автоматаар шинэчилж, хөдөлмөр, тоног төхөөрөмж, материалын оновчтой хэрэглээг тооцоолж өгдөг болоод байна.
Энэ удаагийн сургалтаар Дата гэр ХХК-йн захирал Г.Гүен нь БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ +AI сэдвийн дор AI-ийн өнөөгийн нөхцөл байдал, дата баазыг хэрхэн бий болгох, хэрэглэх, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг хүргэсэн бол МБҮА ТББ-ын захирал Г.Батсүх барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд барилгын салбарын дата баазыг хэрхэн ашиглах, боломж бололцоо юу байгаа талаар оролцогчдод танилцууллаа.
Мөн одоогийн байдлаар барилгын салбарт хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэхэд Монгол Улсын хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага үүсэж байгаа ба одоогийн барилгын норм, дүрэм, тусгай зөвшөөрөл, хяналт, мэдээллийн хамгаалалт зэрэг олон эрх зүйн заалтууд AI болон дижитал технологийн хэрэглээг нарийвчлан зохицуулж чадахгүй байгааг онцолсон юм.





