УИХ-ын хаврын чуулганаар Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцжуулалтын тухай хууль өргөн баригдахтай холбогдуулан салбарын инженерүүд, төлөвлөгчид, төсөвчид, зураг төслийнхөн гээд бүхий л төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хуульд өөрчлөлт оруулах саналуудаа нэгтгэх зорилгоор “БАРИЛГЫН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” цуврал уулзалтуудыг хийж байгаа.
2025.03.22-ны өдрийн ээлжит уулзалтад “БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭЗЭМШИГЧДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, САНАЛ ШИЙДЭЛ”-Г МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нар танилцууллаа.
Мөн тус арга хэмжээний үеэр “Барилга байгууламжийн зураг төслийн үе шат, бүрдэл, зургийн даалгаврын өгөгдлийн аргачлал БД-н төслийн танилцуулга”-г МБИХолбооны Зөвлөх багийн гишүүн Г.Тулга, “Барилгын төсөвт өртгийн өнөөгийн байдал”-г МБИХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Одмандах, “Тасралтгүй мэргэшил дээшлүүлэх сургалтын тогтолцоо, өнөөгийн байдал”-г МБИХолбооны Ерөнхийлөгч Б.Гантулга нар илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц болон УИХ-ын гишүүн П.Ганзориг нар хүрэлцэн ирж, барилгын салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, шийдлийн талаар мэргэжилтнүүдтэй санал солилцож хуульд өөрчлөлт оруулах саналуудыг хэрхэн тусган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өглөө.





